СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Чанар хийцээрээ илүүрхэх монгол ээтэн гутал

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Д.ЦЭРЭННАДМИД

“Баясах брэнд” нэртэй гутлын нэгэн үйлдвэрт очлоо. Тэднийх монгол хийцийн хээ хуартай ээтэн гутлаараа л түмний танил болсон юм билээ. Түүнээс биш манайх энд байна гэсэн хаяг даяг тэднийд алга. Гэр  хорооллын хашаан дахь хувийн жижиг байшиндаа л үйлдвэрлэлээ явуулж буй аж.  Тэнд ажилладаг таван хүний ахлагч нь гутал урлаач З.Чинзориг.

Тэдний бүтээл монгол хийцийн гутлуудыг үзээд мартагдах шахсан уламжлалт хийц, хээ угалзыг сэргээн хөгжүүлж байгаад нь бахархлаа. Бүр тодруулаад хэлбэл монгол өв хөөмөл хээг бүтээлдээ хэрэглэхдээ уламжлал, шинэчлэлийг хослуулж байгаагаараа дахин давтагдашгүй бүтээл үйлдвэрлэж байна гэж хэлэхэд болно байхаа. Тэгээд энэ тухай З.Чинзоригтой ярилцлаа.

-Та бүхний үйлдвэрлэсэн ээтэн хоншоортой, хээ хуартай монгол гутлуудыг үзлээ л дээ. Ийм гутал хийх санаа өөрт чинь хэдийд төрсөн бэ. Үйлдвэрлэлээ хэрхэн эхлэв?

-Миний өвгө эцэг Ц.Сэдъя гэж хүн байсан юм. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумынх. Бид Сэдээ л гэх. Өвөө маань уг нь лам хүн. Гэхдээ их уран хүн байлаа. Түүнийг эмээлийн гөлөм, монгол гутал зэргийг хийж байхад би байнга дэргэд нь байдаг. Бас угалз хээ сайхан зурна.

Хүмүүс манай өвөөгөөр монгол гутал голдуу хийлгэдэг. Миний мэдэхээр аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нарын бөхчүүд гутал хийлгэж байсан. Тэд өвөөгийн хийсэн гутлыг эдэлгээ даадаг бөх чанар нь онцгой гэдэг байж л дээ.

Миний хувьд 1990-ээд оны эхээр цэргээс халагдаж ирээд л өвөөгийнхөө хэрэглэж байсан багажийг ашиглан гутал хийх санаа төрсөн юм. Анх оёдлын ганц машинтай л үйлдвэрлэлээ эхэлж байлаа. Тэгээд өнгөрсөн 30 жилд бага боловч өргөжүүлж өөрийн нэрийн бүтээгдэхүүнээрээ олны танил болоод байна. Ийм жижиг цехтэй.

-Танай гуталнуудыг үзэхэд гоё ганган хээ угалзтайгаараа содон юм. Энэ тухай...

-Өвөөгийнхөө хийж байсан өв уламжлалыг үргэлжлүүлж байгаа юм. Гол нь хөөмөл хээ. Үүнд угалз бас өвгө хээ гэж нэрлэдэг дээ. Амьтны гаралтай хээнүүд. Тэднийг зохиомжлон хөгжүүлсэн байдлаар гутлаа чимэглэдэг. Сүүлийн үед зарим хээ бараг харагдахаа байх шахсан. Тиймээс тэр уламжлалыг таслахгүйгээр хадгалж байх юмсан гэсэн үүднээс бүтээлээ хийж байгаа юм.

-Танай гутлын хээ чимэглэл дан хөөмөл юм. Миний мэдэхээр уламжлалт хөөмлийг хийдэг арга модон хэв дээр арьс сарьсаа тавьж байгаад гар багажаар хөөмөлдөж утсаа тавиад цавуудаж бэхлээд хийдэг байсныг санаж байна. Тэгэхээр та бүхэн одоо энэ хөөмөл хээг хэрхэн хийж байна вэ?

-За тиймээ. Хөөмөлдөх уламжлалт арга тийм байсаан. Тэгвэл алив юм хөгжихийн хэрээр уг хөөмлийг хийх арга ажиллагаа бас боловсронгуй болж байна.Эхлээд зургаа зохиомжлон бэлэн болсны дараа түүнийгээ металь биет дээр тусгай хороор идүүлж гаргаж авдаг.  Тэгээд халуун пресс гэх машинд оруулж дээр нь арьсаа тавиад даралт өгнө. Ингээд тодорхой хугацааны дараа хөөмөлдсөн зураг арьсан дээр хэрхэн буусныг үзэж болно. Энэ бол үйлдвэрлэлийн техник технологийн хөгжлийн нэг дэвшил гэж хэлж болох байхаа.

-Гоё гутлыг хараад их нарийн түвэгтэй хийдэг юм болов уу гэж санагдав.

-Тэгэлгүй яахав. Дан гар хийцтэй учир хийхэд цаг хугацаа их шаарддаг. Нэг гутлыг 7-10 хоногт хийдэг гээд боддоо. Таны хэлснээр нарийн түвэгтэй ажиллагаатай учир массаар буюу олноор нь үйлдвэрлэх боломжгүй зөвхөн захиалгаар л хийнэ шүү дээ.

-Захиалга хэр байдаг юм бэ?

-Захиалга тун тасрахгүй шүү.

-Бас нэг сонирхол татаж байгаа нь танай энэ гутлыг хэрэглэгч нь ямар ажил салбарын хүмүүс байдаг юм бол...?

-Урлагийнхан байна. Тэр дотроо үндэсний хэв шинжтэй гэгддэг хамтлагууд захиалга их өгнө. “Хурд”, “Уухай” хамтлагынханд гутал хийж өгсөн. Бас харваачид байдаг.Өөрсдийгөө рокерууд гэж нэрлэдэг мотоцикльчид бас манай гутлыг өмсдөг.

Сүүлийн үед гоёлын чиглэлээр хүмүүс хэрэглэх болсон нь ажиглагддаг. Манай гутлын уламжлалт хээнүүд ялангуяа өвөг монгол хээ гэж нэрлээд байгаа тэр арслан барс, бүргэд, луу зэрэг хээ бол эзнийхээ сүр сүлдийг бадраасан, омог бардам, хүч чадлыг илтгэсэн байх учиртай юм билээ шүү дээ. Жишээлбэл, харваачид шонхор шувууны шумбаж байгаа дүрстэй гутал хийлгэдэг юм. Манай гутал монгол дээлэн дээр ч европ хувцастай ч тун аятайхан зохицдог.

 

-Монгол гутал гэхээр бөхчүүд өмсдөг өлгүүр шиг хоншоортой гутал санаанд орсон. Гэтэл танай хийдэг гутал илүү боловсронгуй хийцтэй юм. Зүгээр л ээтэндүү харагдаж байна. Хөнгөн нь ч байх.

-Ер нь ямарваа нэг уламжлалт хэв маяг чинь хөгжиж, баяжих нь аргагүй л юм даа. Тэхдээ л үндэснийхээ хэв шинжийг орхигдуулж болохгүй. Ялангуяа хийц, энэ сонгодог хээ угалзныхаа төрлийг хадгалаад явах нь зөв гэж би боддог. Өнөө үеийнхэн овор багатай хөнгөндүү, гоёмсог гутал сонирхож байна. Хараатай монгол гутал заавал  оймстой байх ёстой ч юм биш. Тиймээс бид зүү ороосон хээ бүхий хараатай гутлын харааг гуталтай нь бэхэлж хийсэн. Тун догь маш хөнгөн болсон.

-Маш олон төрлийн хээтэй, чимэглэлтэй гутлууд хийдэг юм байна. Одоо хээнийхээ тухай жаахан яриач?

-Хээ угалз гэдэг маань дотроо их олон төрөлтэй л дөө. Бидний ашигладаг үндэсний хээ чинь байгалийн буюу ургамлын гаралтай, амьтны гаралтай гээд ялгагдана. Бүр 18,19 дүгээр зууны үеийн хээнүүд байна. Дээхнэ үед арьсан авдар гэж байсан. Түүний хээ их содон. Би нэг арьсан авдар сэргээн засварласан бий. Дээр хэлсэндээ өвгө хээ гэж түүнд арслан бар, ирвэс, бүргэд гээд хүчирхэг амьтныг дүрсэлсэн хээ байдаг.  Булш бунхнаас олдсон археологийн олдвороос эдгээрийг үзэж болно. Тэдгээр хээг гутлын түрий дээр хийнэ.

За тэгээд угалз, үүлэн хээ өргөн хэрэглэгдэнэ. Гутлын зулагны тохом хээг бид сэргээж байгаа. Шагайн хэсэгт эвэр угалзнаас бүрдсэн түмэн насан, ланз, таван нүдэн гэх зэрэг уламжлалт хээ зохимжтой. Бид хүннүгийн үеийн булшнаас олдсон ширмэл эдлэлд байсан буга, бүргэд хоёр ноцолдож байгаа зургийг жаахан хөгжүүлж гутлын түрийг чимсэн.

Янз бүрийн юм хийж үзсэн шүү дээ. Шүрэн чимэгтэй гутал нэгийг хийсэн. Зүү ороосон хээн дундаа шүр шигтгэж зохиомжилсон. Одоо тэр гутал маань “Урлах эрдэм” дээд сургуулийн өв санд хадгалагдаж байгаа. Манай үйлдвэрлэж байгаа гутлыг ээтэн монгол гутал, буриад гутал гэсэн хоёр төрөлд хувааж болно.

-Гутлуудын чинь уллагаа бас сонин харагдаж байх юм.

-Уллагааг дан ширээр бас оёмолоор хийдэг. Уламжлалт монгол арга л даа. Гар ажиллагаа ихтэй. Ул дотроо бас олон янз. Хуучны наамал ул /дан ямбуу даавуугаар хийдэг/ хүүхэн ул гэж бас бий. Манай өвөөгийн хийдэг байсан товшмол ул байна. Эсгий, шир бүгдийг давирхайтай утсаар нэвт оёж хийнэ. Үүнийг товшиж оёх гэж нэрлэдэг. Маш бөх ул энэ. Бид аль алиныг нь хийхийг хичээдэг.

-Танай цехэд байгаа энэ баатрын хувцас их сонин юм.

-Үүнийг дан шир, булигараар хийсэн. Жуулчны баазууд захиалж хийлгэдэг. Боссууд оффистоо бас гэртээ тавих дуртай юм билээ.  Анх би Өвөрмонголд явж байхдаа нэг барилгын суурь ухаж байхад дээр үеийн баатар хүний хувцас гарч ирлээ гэдгийг мэдээд л өнгөрөв. Гэтэл сүүлд Өвөрмонголын нэг залуу зургийг нь авчихсан надад үзүүлж улмаар дуурайлгаж хийлгэж авсан. Ийм л эхлэлтэй юм. Төмөр металийн төрөл ер ороогүй бүтээл дээ.

-Өөрөө хэдүүл ажилладаг вэ?

-Эхнэр, охин, хүргэнтэйгээ бас нэг залуу бий. Хүн хүчээ жаахан нэмэх санаатай ч манай ажлын нарийн түвэгтэй, дан гар ажиллагаатайгаас болоод ханьсах хүн олдохгүй талтай. Ер нь ухааны болоод гарын уртай хүн хэрэгтэй л байгаа.

-Танайх “Баясах брэнд” гэсэн нэртэй юм. Уг нэрийн учир гэж бас байх л биз.

-Учирсаад байх нь юу юм.  Манай эхнэрийг Л.Баясгалан гэдэг. Бүтээгдэхүүний борлуулалт, тайлан тооцоо хамаг ажлыг маань амжуулдаг хүн. Тиймээс л “Баясах брэнд” гээд нэрлэчихсэн юм. Эцэст нь хэлэхэд уламжлал шинэчлэл дундаас бүтээл төрдөг юм байна. Ер нь бол бүтээлч байхын тулд маш уйгагүй хөдөлмөрлөдөг бүтээсэн зүйлийнхээ үнэ цэнийг мэдэрч түүндээ урамшиж, сэтгэлийн таашаал эдэлдэг байх л сайхан даа. Хамгийн нэг гол юм уламжлалт хээ угалзны утга учир, билгэдэл, бүтэц, зохиомжийг онцгой анхаардаг даа. Түмэн насан, өлзий хээ гэхэд л урт наслах эрүүл энхийн билгэдэл юм шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 60 (6792)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Туул
2 жилийн өмнө
66.181.161.27

Гоё гоё

Нарантуяа
1 жилийн өмнө
192.82.78.211

Холбогдох утас

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.