АНУ-ын Нью Орлеанс хотыг хүчтэй хуй салхи дайрсны улмаас багадаа нэг хүн амиа алдаж, олон барилга байшин нуран, эрчим хүчний тасалдал үүссэн байна.
2005 онд Катрина хар салхинд өртөж, их хэмжээний хохирол амсаж байсан хотын захын дүүргүүдийг өнгөрөгч мягмар гаргийн шөнө томоохон хэмжээний хуй салхи дайрч өнгөрөх үеэр байшингуудын дээвэр хийсэж одон, автомашинууд онхолдож, эвдэрчээ. Мөн хэд хэдэн байшин тэр чигээрээ нурсныг албаныхан мэдээлсэн юм.
Бүс нутгийн шериф Жеймс Похлманн нөхцөл байдлын талаар "Алга болсон байшингууд ч байгаа. Нэг байшин хуй салхинд хийсээд, ойролцоох гудамжны голд газардсан бөгөөд дотор нь нэг хүн гацсан байсан" хэмээн мэдэгджээ.
Одоогоор Нью Орлеанс хотын нэг оршин суугч уг байгалийн гамшгийн улмаас нас барсан ба хэд хэдэн хүн шархдаж, эмнэлэгт хүргэгдээд байна. Аврагчид нурангид дарагдсан байж болзошгүй хүмүүсийг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа юм.
Түүнчлэн тус хуй салхи нь АНУ-ын өмнөд хэсгийг дайран өнгөрч, Луизиана, Миссисипи, Алабама мужууд аадар бороо, хүчтэй салхинд өртсөн байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.