Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Орос Украины мөргөлдөөний асуудлаар болон түүнээс үүдэх эдийн засагт нөлөөлөх сөрөг нөлөөллийн талаар Засгийн газрын хуралдаанаар байнга хэлэлцэж байна. Эдийн засгийн хувьд хэд хэдэн сувгаар манай улсад хүндрэл учирч болзошгүй байгаа.
ОХУ-тай гадаад худалдааны хувьд манай улс алдагдалтай явдаг. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас дан импортын бүтээгдэхүүн орж ирдэг бол манай экспорт маш бага. Гэвч манай улсын стратегийн гол бүтээгдэхүүн болох шатахууныхаа 75 хувийг ОХУ-аас авч, хэрэгцээгээ хангадаг.
Тэгвэл бидэнд нөлөөлөх эдийн засгийн гол зүйлүүд нь ОХУ-ын эсрэг дэлхийн томоохон эдийн засагтай гүрнүүдийн хэрэгжүүлж эхлээд буй санкц байгаа юм. Гэхдээ өнөөдрийг хүртэл манай улсад өгч буй шатахууны нийлүүлэлттэй холбоотой ямар нэг саатал гараагүй.
Ойрын хугацаанд валютын нөөцөө хамгаалах, экспортын бүтээгдэхүүн, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанктай хамтарч ажиллана.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дөрөвдүгээр сарын 1-нээс Эрдэнэс Тавантолгой компанийн олборлолтыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.
Стратегийн хувьд шатахуун, бордоо, уул уурхайн тэсэлгээний материал гэх мэт нэн шаардлагатай чухал бүтээгдэхүүнүүдийн төлбөр тооцоог ямар ч саадгүй хангаж байгаа юм байна. Тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн дээр төв банк Засгийн газарт саналаа ирүүлнэ гэж ойлгосон. Өнөөдөр арай ирээгүй байна. Үүнийг зөв гэж харж байгаа. Тооцооллыг нь харах хэрэгтэй. Төв банкнаас өгч байгаа тооцооллын хэмжээнд "Ланд-300" машин гарснаас хойш энэ машинд зориулж 500 гаруй сая доллар нөөцөөс гарчээ. Ийм хүнд үед, цаашдаа ч олон асуудал тодорхойгүй байгаа ийм үед стратегийн гол импортын бүтээгдэхүүнүүд дээрээ онцгой анхаарах хэрэгтэй.
Уул уурхай тэсэлгээний материал, бордоо гэх мэт бүтээгдэхүүнүүд дээр энд байгаа багахан валютын нөөцөө стратегийн бүтээгдэхүүнүүддээ зарцуулж, зарим тэвчих зүйл дээр эх оронч байх хэрэгтэй.
Шатахууны үнийн тухайд төв банк эх үүсвэрийг гаргаад нөөц бүрдүүлж байхад 78 доллар байсан. Өнөөдөр 118 доллар болсон байна. Энэ шатахууны үнэ 150 доллар болж эхэлбэл импортлогчид нөөц бүрдүүлэхэд мөнгө нь хүрэхээ болино. ОХУ, Украины хэлэлцээрээс хамаараад шатахууны үнэ долоо хоног дотор 30 ам.доллароор "савж" байна. Шулуухан хэлэхэд, шатахууны гадаад үнэд бид нөлөөлж чадахгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.