Сүхбаатар дүүргийн нутаг, хуучнаар хүнсний есдүгээр дэлгүүрийн гадаа автомашин дотор өөртөө тариа хийсэн залуу ухаан алдаж, татаад улмаар сэхэл авалгүй нас баржээ.
21 настай Б гэх залуу хоёр найзынхаа хамт нэг эмийн сангаас өвчин намдаах үйлчилгээтэй эм, тарилгын шингэн авч холиод судсандаа тарьсан аж. Түүнийг ухаан алдаж татах үед нь хоёр найз нь машинаараа ГССҮТ-д хүргэсэн бөгөөд эмнэлгийн үүдэнд очоод буулгах гэхэд нас нөгчсөн байсан гэнэ. Өдгөө энэ явдлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийнхэн үргэлжлүүлэн шалгаж буй агаад амиа алдсан залууг мансууруулах бодисоос хамааралтай, эсэх, өвчин намдаах үйлчилгээтэй эм хэрэглэх заалт бүхий өвчтэй, үгүйг нь тогтоохоор ажиллагаа явуулж байна.
Бидэнд олдсон мэдээллээр түүний хэрэглэсэн нэг эм нь жороор олгох ёстой аж. Гэвч энэ сарын 21-ний өглөө дээрх залууд эм, тарилгын шингэн худалдсан эмийн сангийнхан хэрхэн олгосон нь одоогоор тодорхойгүй тул цагдаагийнхан тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.