Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Өдгөө тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хавтаст хэрэгтэй нь танилцаж байгаа гэнэ. Энэ талаар албаны хүмүүсээс тодруулахад “Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт шүүх хавтаст хэргийг хүлээн авсан. Шүүгч өдгөө танилцаж эхэлсэн” гэв. Дээрх Прокурорын газраас Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн 10.1-2.1-т заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн”, 17.8-1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн” үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм билээ.
Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны үдэш улсын начин Э.Энхбатыг зодож, аминд нь хүрэх гэмтэл учруулсны сацуу Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнийн эзэмшлийн “MGT mining LLC” компанийн албан өрөөний эд хогшлуудыг нь эвдэж, сүйтгэсэн нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгчдийн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон юм.
Хохирогч Э.Энхбат 2021 оны арванхоёрдугаар сарын 24-нд таалал төгсөх хүртэл Н.Түвшинбаярыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан хэмээн яллагдагчаар тооцож байсан билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.