Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж гаргасан зарим шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж:
-Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг 2011 онд 10 жилийн хугацаатай концессын гэрээгээр "Бейсмент" гэдэг компанид шилжүүлсэн. 2021 онд гэрээний хугацаа дуусах байсан. Гэтэл 2015 онд өөртөө хувьчлах шийдвэр гарснаар энэ компанид хувьчлагдсан маягтай болсон. Өнөөдрийн байдлаар бараг эзэн ч байхгүй болсон.
2011 онд концессын гэрээ байгуулах үед "Бейсмент" гэдэг компанитай гэрээ байгуулсан. 2015 оны аравдугаар сард хувьчлагдсаны дараа "Бейсмент" гэдэг ганц хүнтэй компани татан буугдаад "Хөтөл" гэж нэр авсан. "Хөтөл" гэдэг нэрийг 2008 оны үед нэг хүн нэр дээрээ аваад хадгалчихсан байсан.
Хувьчилж авсан гэх сүүлчийн хүн нь нас барсан. Үүний дараа Хөтөлийг өв залгамжлагчид нь авахаас татгалзсан. Харин хуулийн байгууллага энэ асуудлыг шалгаж байгаа. Хувьчлал явуулахад хууль зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлээгүй байна гээд хувьчилсан шийдвэрээ хүчингүй болго гэсэн санал ирсэн. Энэ дагуу санал боловсруулаад, яамдаас санал аваад, 2015 оны ЗГ-ын тогтоолд "Хувьчлах зүйлийн жагсаалт"-ын 15-д нь Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр гэж орсон. Тэр саналыг хүчингүй болгох шийдвэр гарч байна.
Төрийн өмчийн хороо хуралдаж, гаргасан шийдвэрийг давхар хүчингүй болгоно. Хүчингүй болсны дараа энэ компанийн цаашдын хувь заяаны асуудлыг Төрийн өмчийн хороо авч үзнэ.
Мөн тус компани 50 орчим сая төгрөгийн зээлтэй байсан. Энэ зээлийг Хөгжлийн банкнаас авсан 61 сая долларын зээлээрээ өмнө нь авсан зээлэнд шилжүүлээд дуусгасан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.