Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн гэрээнд гарын үсэг зуржээ.
2022 оны гуравдугаар сарын 21-ний өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зуржээ. Уг гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир оролцсон байна.
Төслийн нэр: “Улаанбаатар хотын Багануур дүүргийн 142-р цэцэрлэгийн засварын төсөл”
Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын Багануур дүүргийн 142-р цэцэрлэгт их засварын ажил хийгдэх юм. Тус цэцэрлэгийн барилга олон жилийн эдэлгээнээс шалтгаалан хуучирч муудсан. Модон цонхноос гаднах хүйтэн агаар нэвтэрч, тус цэцэрлэгийн 247 хүүхэд, багачууд болон 34 багш, ажилчдын сурч хөдөлмөрлөх нөхцөл шаардлага хангахгүй болсон бөгөөд засвар хийгдсэнээр тус цэцэрлэгийн хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих боломжтой болох юм.
Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 580 дахь, Багануур дүүрэгт хэрэгжих 4 дэх төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 148,043 ам.доллар (421,850,000 орчим төгрөг) байна.
Мөн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хот болон хөдөө орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд гадаад улсад суугаа Япон Улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.