Шведийн өмнөд хэсгийн Мальмё хотын нэгэн дунд сургуульд зэвсэгт халдлага болсны улмаас 50 гаруй насны хоёр эмэгтэй нас барсан талаар орон нутгийн цагдаа нар мэдээлжээ.
Албаныхны хэлснээр, тус сургуулийн сурагч болох 18 настай эрэгтэйг хүн амины хэрэгт сэжиглэн баривчилсан аж. Одоогоор энэхүү хэргийн талаар тодорхой зүйл байхгүй ч буун дуу гарсан тухай мэдээлэл ирээгүйг цагдаа нар тэмдэглэсэн байна.
Халдлага даваа гаргийн 17:00 цагийн орчимд болсон бөгөөд тухайн үед "Мальмё Латин" сургуульд 50 орчим багш, сурагч байжээ. "Ноцтой гэмт хэрэг гарсан байж болзошгүй" гэх мэдээлэл авсан цагдаа нар хэргийн газарт ирэхэд тус сургуулийн ажилтан болох хоёр эмэгтэй хүнд шархадсан байсан ба тэднийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч аварч чадаагүй аж.
Шведийн хэвлэлүүдийн мэдээлснээр, халдлага үйлдсэн этгээд нь хутга, сүхээр зэвсэглэсэн байжээ. Мөн тэрээр өөрөө цагдаад дуудлага өгч, хоёр хүний амийг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл байгаа юм.
Одоо албаныхан тус сургуулийг бүрэн нүүлгэн шилжүүлсэн бөгөөд ойр орчимд нь нэгжлэг хийж, нэмэлт шалгалт гүйцэтгэсэн ч өөр халдагч байгаа гэх "ямар ч шинж тэмдэг олоогүй" хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.