Цар тахлын улмаас тасалдаад байсан ХХ зууны манлай дасгалжуулагч Б.Батбаяр багшийн нэрэмжит насанд хүрэгчдийн боксын тэмцээн өнөөдрөөс эхлэн энэ сарын 27-ныг дуустал Монгол бөхийн өргөөнд үргэлжилнэ.
Тэмцээнд нийт 40 байгууллагын 200 гаруй тамирчид оролцохоор бүртгүүлсэн байна. Энэ жилийн улсын аваргад манай услын боксын "од"-ууд бүгд оролцож байна. Тэдний нэг нь ОУХМ, Боксын УАШТ-ий 8 удаагийн аварга Б.Чинзориг юм. Тэрбээр тэмцээнд оролцох үеэрээ манай сурвалжлагчид дараах ярилцлагыг өгчээ.
Эхний тулаандаа ялалт байгуулсанд баяр хүргэе. Их л хурдан дуусчих шиг боллоо. Ямархуу тулаан болж өндөрлөв?
-Эхний тулаанд боксоор хичээллээд олон жил болоогүй залуу тамирчинтай тулалдлаа. Миний хувьд эхний тойрогтоо гараад, гэдсэнд нь хүнд цохилт хийсэн. Тэрийгээ мэдрээд тухайн давуу байдлаа ашиглаад цохичихъё гэсэн бодолтой байлаа.
УАШТ-нд орохдоо бэлтгэл хэр хангасан бэ? Тактикийнхаа дагуу хэр "үзэв"?
-Маш олон танихгүй, мэдэхгүй тамирчид орж ирж байгаа юм. Өрсөлдөгч болгондоо тааруулж тактикаа өөрчлөхөөс илүү өөрийн хамгийн сайн хийдэг зүйлээ хийхийг боддог. Энэ улсын аварга 2024 оны Парисын олимпод оролцох тамирчдыг сонгох маш хариуцлагатай тэмцээн. Бэлтгэлээ маш сайн хийж оролцож байна.
Залуу тамирчиддаа хандаж юу гэж хэлмээр байна?
-Цар тахлаас болоод Монголд хоёр жил тэмцээн тасарчихсан байгаа. Манайд бас тэмцээн, уралдаан байхгүй, туршлагын хувьд жаахан хоцорсон байж магадгүй. Гэхдээ бид нар бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд. Боксын холбоо энэ жилээс маш менежменттэй ажиллаж байгаа. Өмнөх үеэсээ хоёр дахин илүү тамирчин цалинжуулж ажиллаж байгаа. Боксын холбоо хувиасаа зардал гаргаж, холбооны шигшээ баг гэж цалинжуулж байгаа. Тэгэхээр залуу тамирчдад маш сайхан хугацаа, цаг үе ирж байна.
Дотоодын тэмцээн уралдаан ч маш их болсон учраас олон тэмцээн, уралдаанд орно. Хичээгээрэй. Бүгд маш сайн бэлтгэлээ хийгээд, 2024 болон 2028 оны олимпод сайн бэлдэцгээгээрэй гэж хэлмээр байна.
Хоёр жилийн дараа зохион байгуулагдаж байгаа тэмцээний онцлог юу байна?
-Энэ жилийн тэмцээний онцлог нь жилдээ ганц дотооддоо болдог манай боксын хамгийн том тэмцээн. Олимпын цикл тодруулж байгаа учраас бас онцлог. Боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар болон тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, боксын холбооны удирдах зөвлөлийнхөн энэ тэмцээнийг маш сайн зохион байгуулж байна. Тэмцээний эхний өдөр уур амьсгал маш сайхан байна.
Энэ удаагийн тэмцээн таны хэд дэх УАШТ бэ?
-2008 оноос орж эхэлсэн. Хоёр удаа завсарласан. Тэгэхээр 12 дахь удаагийнх юм байна. 8 удаа түрүүлж байсан.
Амжилтуудаасаа дурдвал?
-Би 2016, 2020 оны олимпод оролцсон. Армийн дэлхийн аварга болсон. Сүүлд 2021 онд болсон Азийн аваргаас алтан медаль авсан.
Шинэ холбоо маш сайн эргэх холбоо, зохион байгуулалттай ажиллаж эхэлсэн байгаа. Илүү олон тамирчин шигшээ багт орж, мөнгөн хангамж сайжирсан учраас бид бүхэн дараа дараагийн Ази болон дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргаж, медаль авч та бүхнийгээ баярлуулна гэж хэлмээр байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.