Цар тахлын улмаас тасалдаад байсан ХХ зууны манлай дасгалжуулагч Б.Батбаяр багшийн нэрэмжит насанд хүрэгчдийн боксын тэмцээн өнөөдрөөс эхлэн энэ сарын 27-ныг дуустал Монгол бөхийн өргөөнд үргэлжилнэ.
Тэмцээнд нийт 40 байгууллагын 200 гаруй тамирчид оролцохоор бүртгүүлсэн байна. Энэ жилийн улсын аваргад манай услын боксын "од"-ууд бүгд оролцож байна. Тэдний нэг нь МУГТ М.Нандинцэцэг. Тэрбээр тэмцээнд оролцох үеэрээ манай сурвалжлагчид дараах ярилцлагыг өгчээ.
М.Нандинцэцэг "Миний хувьд улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцолгүй хоёр жил өнжөөд энэ жил оролцож байна. Энэ удаагийн тэмцээн олон улсын хэмжээнд өндөр түвшинд зохион байгуулагдаж байгаа нь шууд харагдаж байна. Монголын ард түмэн маань өөрсдийн шүтэн биширдэг, хайртай тамирчдаа дэргэдээс нь, рингний хажуугаас ирж тулааныг сонирхоорой гэж уриалж байна. Миний хувьд 54 кг-ийн жинд тоглож байгаа. Маргааш тулалдана.
Хоёр жил завсарлаад ирэхэд доод үеийн тамирчид их сайжирсан байна. Хөгжил нь дэлхийн түвшинд, олимп, дэлхийн аваргын хэмжээнд хүртлээ маш сайн бэлтгэгдсэн байна. Мэдээж хамгийн шилдэг нь аварга болох байх. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх таван сард Турк улсад болох ДАШТ-нд оролцох эмэгтэй тамирчидаа сонгон шалгаруулж байгаагаараа онцлогтой байгаа. Тийм учраас энэ тэмцээнд маш их ач холбогдол өгсөн. Энэ тэмцээнд түрүүлж байж дэлхийн аваргад явах учраас байгаа бүх чадлаа гаргаж тулалдана" гэлээ.
Ташрамд дуулгахад Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулагдаж буй уг тэмцээний тасалбарыг Бөхийн өргөөний кассаас шууд ирээд авах боломжтой. Урьдчилсан тулааны билет 2000 төгрөг, шигшээ тулааны билет 3000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа бөгөөд тасалбар авсан иргэдээс өдөр бүр азтан тодруулах аж. Азтаны шагналд тэмцээний пудволк, малгай, олимп болон дэлхийн медальтнуудын гарын үсэгтэй бээлий зэрэг байгаа бол нөгөөдөр буюу 2022.03.23-ны өдөр болох нээлтийн ажиллагаа, бямба ням гарагт болох шигшээ тулааны өдрүүдэд томоохон шагналын сантай азтан тодруулахаар төлөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.