БНХАУ Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай хэсэгт байгуулсан хэд хэдэн арлынхаа гурвыг нь бүрэн цэрэгжүүлж, хөлөг онгоц болон агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем, сөнөөгч онгоцоор зэвсэглэсэн гэж АНУ-ын цэргийн албаныхан мэдэгджээ.
АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлагч адмирал Жон Акулиногийн хэлснээр, Бээжингийн тал маргаантай хэсэг дэх хиймэл арлуудаа цэргийн бааз болгохгүй гэж Хятадын дарга Ши Жиньпин өмнө нь амлаад байсан ч энэ удаагийн үйл ажиллагаа нь үүнтэй эрс зөрчилдөж байгаа юм.
Тэрээр энэ талаар "БНХАУ сүүлийн 20 жилийн хугацаанд Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том цэрэг зэвсгийн хуримтлалыг үүсгээд байна. Тэд бүх хүчин чадлаа ахиулсан бөгөөд зэвсэглэлээ улам нэмэгдүүлж байгаа нь бүс нутгийг тогтворгүй болгож байна" хэмээн "Associated Press" агентлагт ярьжээ.
"Mischief Reef", "Subi Reef", "Fiery Cross" гэх гурван арал дээрх цэргийн байгууламжийн бүтээн байгуулалт бүрэн дууссан гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд энэхүү цэргийн дэд бүтцийг бусад бүс нутагт өргөжүүлэх эсэх нь тодорхойгүй байна.
Харин Хятадын албаныхны зүгээс ямар нэгэн тайлбар өгөөгүй ба Бээжин өөрийн цэргийн үйл ажиллагаагаа зөвхөн хамгаалалтын шинж чанартай гэж мэдэгдсээр ирсэн билээ. Гэвч тус улс нь олон жилийн турш цэргийн зардлаа нэмэгдүүлсний эцэст батлан хамгаалахын төсвөөрөө дэлхийд хоёрдугаарт орж, АНУ-ын дараа жагсах болсон бөгөөд цэргийн хүчээ эрчимтэй шинэчилж байгаа юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.