Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьдаг 21 аймаг, есөн дүүргийн барилгын компаниудын төлөөлөл өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байна. Тухайн барилгын төлөөллүүд 2021 оны аравдугаар сард хил гаалийн саатлаас үүдэлтэй барилгын материалын огцом үнийн өсөлтөөс шалтгаалсан алдагдлыг ярьж, жагсаал зохион байгуулж байсан юм.
Харин энэ удаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нарт хугацаатай шаардлага хүргүүллээ. Үүсээд буй асуудлыг шийдэж өгөхгүй бол барилгын салбарын 100 мянган хүн ажилгүй болоход ойрхон байгаа гэв.
Барилгын компанийн төлөөлөл:
-Бид төрийн захиалгаар барилга барих тендерт оролцдог 21 аймаг, 9 дүүргийн барилгын компаниудын төлөөлөл байна. УИХ-ын 88-р тогтоол гэж батлагдсанаас хойш үүсээд байгаа асуудлыг шийдчих болов уу гэсэн найдлагатайгаар хүлээж байсан. Харамсалтай нь, тав орчим сарын хугацаа өнгөрч байхад тухайн тогтоол огт хэрэгжээгүй.
БХБЯ-ны хувьд он гарснаас хойш барилгын үнийн индексийг 1.49 хувиар батлаад, 88-р тогтоолын 4, 5-р зүйлийн хүрээнд магадлал хийх түр журмыг боловсруулсан. Ингээд Сангийн яамтай зөвшилцөх бичгээ хүргүүлсэн юм билээ. Харамсалтай нь, Сангийн яам энэ асуудлыг одоог хүртэл шийдвэрлээгүй байна. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд анхааруулж байна.
2021 оны барилгын үнийн индексийг баталсан хэрнээ улсын төсвийн барилгын алдагдлаа олж аваагүй байхад 2022 онд барилгын үнэ өсч эхэлсэн.
Гуравдугаар сард дотоодын цементийн үнэ 30 хувиар өслөө. Ялангуяа Ховд, Баян-Өлгий зэрэг баруун аймгуудад түлшний үнэ 3000 төгрөг давлаа.
Барилгын компаниуд цаашид үйл ажиллагаагаа явуулахад маш хүндрэлтэй боллоо. Барилгын салбарын хувьд 100 хувь хувьчлагдсан салбар. Энгийнээр бид улсын ажил хийдэг буюу зарцуулах төсөв нь хязгаартай ажил гүйцэтгэдэг. Гэтэл бид нарын ажил батлагдсан төсөвт өртөгтөө багтахаа больсон. Зөвхөн өнгөрсөн онд ч бус 2019 оноос ажиглагдаж эхэлсэн. Яагаад гэвэл, үнийн суурь өсөлтүүдийг шинэчилж өгөөгүйгээс үүдэн үйл ажиллагаагаа цаашид явуулах боломжгүй болж байгаа юм.
2021 оны хоёрдугаар сарын 24-ний дотор зарлагдсан 25 саяас 10.5 тэрбум төгрөг хүртэлх өртөгтэй 109 тендерт шалгарсан компанийг судалгаанд хамрууллаа. Үүнд, орон нутгийн 59, нийслэлийн 11, төрийн худалдан авах ажиллагааны 39 тендерт нэг бүрчлэн судалгаа хийсэн. Судалгаанд оролцсон компаниудын 97.7 хувь нь хил, гаалийн асуудал, үнийн өсөлтөөс шалтгаалан алдагдалд орсон гэж хариулсан байна. Тэгвэл 66.2 хувь нь нийгмийн даатгалд өртэй болжээ.
Компаниуд үнийн өсөлтөөс айгаад тендерт оролцохоо больж эхэлллээ. Тэгэхээр энэ хавар барилгын ажил эхлэхгүй. Барилгын компаниудыг цалингаа өгдөггүй гэдэг. Бид 2009 оны ЗТБХБ-ын сайдын тушаалаар цалингаа төрөөс аваад явж байна. Аль 2009 оны тушаалаар мөнгө авч ажилчдынхаа цалинг арай гэж хүргэж явна шүү дээ. Барилгын салбарт хамгийн ур чадвартай хүнд өдөрт 80 мянган төгрөгөөр бодож цалин өгч байна. Гэтэл БНХАУ-аас өдрийн 160 мянган төгрөгөөр хүн авч цалинжуулдаг. Гэтэл ЗГ-аас “Нэг м.кв-ыг 860 мянган төгрөгөөр барь” гэж шахаж байна. Тиймээс үүнийг 20-30 хувиар өсгөж өгөөч гэж шаардаж байна.
Барилгын салбарт гүйцэтгэх 2022 оны төсөл, хөтөлбөрүүдийг зогсоогоод 2020-2021 онд ажил гүйцэтгэсэн барилгын компаниудын үнийн өсөлтөөс шалтгаалсан алдагдлыг шийдэж өгөх хэрэгтэй. Хил, гааль хаалттай байна гэдэг хэрнээ импортын цементээ төмөр замын бүтээн байгуулалт руу зөөсөөр байгаад л үнийн хөөргөдөл үүсгэсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Новшнууд хужаа нараа дэмждэг байж бас хурал зарлаж жагснаа өлөн луйварчид ! Эд нар тендэрийн хулгайчууд шүү битгий нэмж мөнгө өг .