Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон Эрүүл мэндийн яамны удирдлагууд өнгөрөгч амралтын өдрүүдэд Хөвсгөл, Орхон аймагт ажиллаж Эрүүл мэндийн газар ба Нэгдсэн эмнэлэгийн удирдлагуудтай уулзаж эрүүл мэндийн салбарт хийж буй шинэчлэл, ирэх тавдугаар сарын нэгний өдрөөс эхлэх бүх нийтийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудлаар санал солилцлоо.
Орхон аймагт ажиллах хугацаандаа ЭМГ, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч, ажиллагсадтай уулзалт хийж эрүүл мэндийн салбарт хийгдэж буй шинэчлэлийг танилцуулж, эмч ажилчдын санал бодлыг сонсов.
Мөн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн харьяа “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Тус төв нь иргэдийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсрол олгох, хувь хүн, байгууллага хамт олны багц үзлэг оношилгоо, шинжилгээ, тусламж үйлчилгээг цогцоор үзүүлэх юм.
Эрүүл мэндийн дэмжих төвд улсын төсвийн 180 сая төгрөгийн санхүүжилтээр иж бүрэн засвар үйлчилгээг хийж, ясны сийрэгжилтийг оношлох аппарат, шүдний тоног төхөөрөмж, биеийн ерөнхий үзүүлэлтүүдийг тодорхойлох Танита аппарат, нүдний хараа шалгах, оношлох автомат таблиц, чих, хамар, хоолойн иж бүрэн аппарат, дижитал рентген аппарат, зүрхний бичлэгийн аппарат, тархины цахилгаан бичлэгийн аппарат, ходоод, улаан хоолойн уян дурангийн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, суурин болон зөөврийн хэт авиан оношилгооны аппарат зэрэг нийт 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий өндөр үзүүлэлттэй тоног төхөөрөмжөөр хангасан байна.
Дашрамд дурдахад, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2022 оны 05 дугаар сарын нэгнээс улс даяар бүх нийтийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах аян эхлэхтэй холбогдуулан "Эрүүл мэндийг дэмжих төв-үүд байгуулах ажлыг эрчимжүүлж байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн 7 хоногт Замын-Үүд болон Орхон аймагт уг төв үүдээ нээлээ. Мөн улсын төсвийн санхүүжилтээр Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өндөр өртөг бүхий ангиографийн болон компьютертомографийн аппаратыг суурилуулснаар гуравдугаар шатлалын эмнэлэгт очих шаардлагагүй, орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хурдан шуурхай авах боломж бүрдэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.