Баянгол дүүргийн Прокурорын болон Цагдаагийн газар хамтран мөрдөн шалгах ажиллагааны чанарыг дээшлүүлэх, алба хаагчдын ажлын ачааллыг бууруулах, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, алба хаагчдын гаргадаг зөрчил, дутагдлыг арилгах арга замыг тодорхойлох, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор зөвлөгөөн 2022 оны гуравдугаар сарын 16-нд зохион байгууллаа.
Зөвлөгөөнд дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорууд, Цагдаагийн газрын мөрдөн шалгах эрх бүхий 100 гаруй алба хаагч оролцон санал бодлоо солилцсон байна. Энэ үеэр 2021 оны болон энэ жилийн нэгдүгээр улирлын мөрдөн шалгах ажлын үр дүн, прокурорын шаардлага, арга хэмжээ тооцуулах албан бичигт заасан зөрчилд хийсэн дүн шинжилгээ, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүн, мөрдөгч нарын гаргаж буй нийтлэг алдаа, зөрчил, цаашид анхаарах асуудал, 2022 онд прокурорын байгууллагатай хэрхэн хамтран ажиллах, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэхийн тулд хэрэгжүүлэх ажил, түүнийг ахиулахад тулгамдаж буй хүндрэл, бэрхшээл, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцжээ.
Улмаар үйл ажиллагаандаа орчин үеийн чанарын шаардлага хангасан техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх буюу дуу, дүрсний бичлэг хийх, түүнийг CD болон зөөврийн санах ойд хадгалах нь зөв гэсэн шийдэлд хүрсэн аж.
Мөн хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл, лавлагаа гаргуулан авах хүсэлт, хариуг нь нууцлал хангаж битүүмжлэн солилцож байхад онцгой анхаарах төдийгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хүний эрхийг дээдлэх, хүний эрхтэй холбоотой аливаа зөрчил дутагдал гаргахгүй байхад анхаарч ажиллахаар тогтжээ. Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зөрчлийг таслан зогсооход прокурор, цагдаагийн байгууллагын удирдлагын хяналтыг тогтмолжуулах, зөрчлийг тухай бүрт нь арилгах, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэргийн талаар харилцан мэдээлэл солилцох зэрэг асуудлыг хэлэлцэх хүрээнд хамтарсан уулзалт, зөвлөгөөн тогтмол зохион байгуулахаар болсон гэнэ. Бас мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх зорилгоор Баянгол дүүргийн Прокурор, Цагдаагийн газар хамтарсан сургалт зохион байгуулахаар болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.