ХБНГУ-д коронавирусийн "Омикрон" хувилбар өргөн тархаж байгаагийн улмаас халдварын өдөр тутмын шинэ тохиолдлын тоо нь цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр хэмжээндээ хүрчээ.
Тус улсын Өвчний хяналтын агентлагийн мэдээлснээр, өнгөрөгч лхагва гарагт нийт 262,593 шинэ тохиолдол бүртгэгдэж, 269 хүн нас барсан байна. Гэвч шинжилгээний байгууламжууд бүрэн хүчин чадалдаа хүрч, түргэвчилсэн оношлуураар "Эерэг" гарсан иргэдийг "ПСР" шинжилгээнд хамруулахгүй байгаа тул халдварын бодит тоо нь үүнээс ч их байх магадлалтай гэж эрүүл мэндийн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Түүнчлэн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа ч цар тахлын улмаас нас барсан өвчтөнүүдийн тоо өнгөрсөн оны өвлийн давлагаанаас хамаагүй бага байгааг албаныхан онцолжээ.
Одоогоор Германд хэрэгжүүлж буй коронавирусийн хязгаарлалтууд энэ сарын 19-нд дуусгавар болох бөгөөд эрх баригчид илүү хөнгөн дүрэм журмыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Үүний хүрээнд, иргэд дэлгүүр, ресторан, сургуульд амны хаалт зүүх шаардлагагүй болох ч нийтийн тээвэр, эмнэлэг болон асрамжийн газарт уг шаардлага хүчинтэй хэвээр байх юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.