Японы зүүн хойд хэсэгт өнгөрөгч лхагва гаргийн шөнө дундын өмнөхөн хүчтэй газар хөдлөлт болсны улмаас багадаа дөрвөн хүн амиа алдаж, 100 гаруй хүн бэртэж гэмтжээ.
Тус улсын Цаг уурын агентлагийн мэдээлснээр, 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь Фүкүшима мужийн эрэг орчмоос эхэлсэн бөгөөд Мияги мужийн Ишиномаки боомтод 30 см хүртэлх давлагаа үүссэн байна.
Энэхүү гамшигт үзэгдлийн дараа Токиогийн зарим хэсэг эрчим хүчээ алдаж, хоёр сая гаруй өрх тог цахилгаангүй болсон ч албаныхан гурван цагийн дотор ихэнх эрчим хүчийг сэргээжээ. Гэвч Японы зүүн хойд хэсгийн 36,400 орчим өрх орон нутгийн цагаар өнөөдөр өглөөний 09:00 цаг гэхэд цахилгаангүй хэвээр байгаа юм.
Мөн тус улсын зүүн хойд чиглэлийн тээврийн холбоо саатсан тул хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоож, аюулгүй байдлын үүднээс уг бүс нутаг руу чиглэсэн гол хурдны замыг хаажээ. Түүнчлэн нэгэн хурдны галт тэрэг Фүкүшима ба Широишизао өртөөний хооронд замаасаа гарсан ч дотор нь байсан 75 зорчигч болон багийн гурван гишүүний хэн нь ч бэртэж гэмтээгүй аж.
Одоогийн байдлаар дөрвөн хүн нас барсан нь батлагдаад байгаа бөгөөд ойрын 2-3 хоногт хүчтэй чичиргээнүүд мэдрэгдэж магадгүйг Ерөнхий сайд Фумио Кишида мэдээлсэн байна. Харин Японы Цаг уурын агентлагийн зүгээс цунамигийн сэрэмжлүүлгийг цуцалсан юм.
Эх сурвалж: NHK, Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.