УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Энэ талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйл буюу Байгаль орчныг хамгаалах талаарх иргэний эрх, үүрэг гэсэн хэсэгт “тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдэх” эрхийг хангасан заалт, хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрх гэсэн хэсэгт “харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийг ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон хяналтын чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар иргэдэд нээлттэй мэдээлэх, байгаль орчны төлөв байдлын мэдээлэлд тусгаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах.” гэсэн үүрэгжүүлсэн заалтыг тус тус нэмэхээр тусгасан гэж танилцуулгад дурдсан байв.
Мөн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйл буюу Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийн үүрэг гэсэн хэсэгт “иргэний хүсэлтийн дагуу өөрийн үйл ажиллагаатай холбоотой газрын хэвлийн баялгийг ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн явц, үр дүнгийн талаарх мэдээлэл өгөх, эсхүл танилцах боломжоор хангах үүрэгтэй.” гэж, “18.5 Иргэн тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон төрийн эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авах хүсэлтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад гаргана.” гэж, “18.6 3асаг дарга иргэний энэ хуулийн 18.5-д заасан хүсэлтийн дагуу холбогдох мэдээллийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 14.8-д заасан хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй.” гэж, “18.7 Иргэн үйл ажиллагаатай нь холбогдуулан газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн талаарх мэдээлэл авах, танилцах боломж олгох хүсэлтийг төсөл хэрэгжүүлэгчид гаргаж болно.” гэсэн заалтыг тус тус нэмж Монгол Улсын Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлсэн гэж төсөл санаачлагчид үзжээ.
Гишүүдийн зүгээс нөхөн сэргээлт хийх шаардлагатай нийт газар нутгийн талаар судалгаа хийсэн эсэх, хуулийн төсөлд харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийг ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон хяналтын чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар иргэдэд нээлттэй мэдээлэх, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах хугацааг хэрхэн зохицуулсныг илүүтэй лавлаж байлаа.
Хуулийн төслийг дэмжсэн, дэмжээгүй талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан, Ш.Адьшаа нар байр сууриа илэрхийлсний дараа Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60.4 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.
“Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав.
Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь ажиллаж, амьдарч байгаа нь хүн амын төвлөрөл нэг газраа хэтэрснийг харуулж байгааг Л.Энх-Амгалан сайд танилцуулгадаа онцлохын зэрэгцээ татварын таатай орчинд гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болсноор эдийн засаг, нийгмийн үр өгөөж өгч, 50.0-60.0 мянган ажлын байр шинээр бий болж, “Халамжаас-Хөдөлмөрт” шилжих Засгийн газрын бодлого хэрэгжихэд томоохон хувь нэмэр болно гэв.
Эдийн засгийн чөлөөт бүсийг амжилттай хөгжүүлснээр Хөшигийн хөндий рүү таталцал бий болж, шинжлэх ухаан, инновацад суурилсан их дээд сургуулиудын хотхон бий болж, “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хангасан, үндэсний өв соёл, уламжлалыг хадгалсан ухаалаг, эко суурьшлын бүсийг байгуулах нөхцөл бүрдэх аж. Хөшигийн хөндийд байгуулагдах дагуул хотод 150.0 мянган иргэн, 50.0 мянга орчим өрх шилжин суурьшиж, Улаанбаатар хотын замын түгжрэл 15 орчим хувь, 1мкв талбайд оногдох хүн амын нягтрал 20 хувиар буурах тооцоолол гарсныг төслийн танилцуулгад дурдсан байлаа.
Жилд дунджаар нэг аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний иргэд нийслэл хотноо шинээр шилжин, суурьшиж, жил бүр 70-80 мянган автомашин шинээр замын хөдөлгөөнд нэмэгддэг гэх тоо баримт байдаг. Нийт их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нь нийслэлд төвлөрч байгаа нь хүн амын төвлөрлийн гол шалтгаан болж байна. Иймд аялал жуулчлалын салбарт нэн шаардлагатай байгаа олон улсын стандартад нийцсэн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээнүүдийг бий болгохыг зорьж “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн 1000 га газарт аялал жуулчлалын цогцолбор, мэдээлэл технологийн кластер, олон улсын санхүү, бизнесийн үйлчилгээний төв бүхий эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар төлөвлөсөн гэж төслийн танилцуулгад дурдсан байв.
Төсөл санаачлагч Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар нүүдлийн соёлын үнэт зүйлсийг харуулсан аялал жуулчлал, төлбөрт таавар бусад бооцоот тоглоом, дагалдах үйлчилгээ, соёлын бүтээлч үйлдвэрлэл, худалдаа, олон улсын банк, санхүүгийн төв бүхий аялал жуулчлал, бизнес, эдийн засгийн бүстэй болох, шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаанд суурилсан экспортын баримжаатай үйлдвэрлэл, инновацын бүс бий болгох, Ази-Европыг холбосон худалдаа, тээврийг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжсэн санхүү, эдийн засгийн зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилгоор тогтоолын төслийг боловсруулжээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гшүүдийн зүгээс тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ чөлөөт бүсийн 1000 га газрын бүтээн байгуулалтад төрийн оролцоо, дэмжлэгийг тодорхой төлөвлөсөн эсэх, газар чөлөөлөлтийн үйл ажиллагаа хэр ахицтай байгааг тодруулж байлаа. Мөн Засгийн газрын хуралдаанаар чөлөөт бүсрүү төрийн зарим байгууллагыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр болсонтой холбоотой төлөвлөгөөт ажлын талаар лавлав.
Ажлын хэсгийн зүгээс "Шинэ Зуунмод" хот болон Хөшигийн хөндийн чөлөөт бүс байгуулахтай холбоотой нийт 31390.4 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. 2010 онд 12 мянган га газар буюу нисэх буудлын орчмын газрыг Засгийн газрын 140, 2021 оны 307 дугаар тогтоолын дагуу 19390,4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар Барилга, хот байгуулалтын яам дээр байгуулагдсан Ажлын хэсэг ажиллаж байна. Одоогийн байдлаар 232 нэгж талбарын эзэмшигчийн эрхийг хүчингүй болгоод байна. Газар чөлөөлөлтийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна гэж хариулав. Мөн Засгийн газрын өнгөрсөн 7 хоногийн хуралдаанаар төрийн зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Үүнээс гадна “Шинэ Зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Барилга, хот байгуулалтын яам боловсруулж ирэх 04 дүгээр сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд “Шинэ Зуунмод” хотын тодорхой бүс дээр төрийн зарим байгууллагыг нүүлгэн шилжүүлж, тэнд байх нэгдсэн зураг төслийг боловсруулахаар ажиллаж байна гэсэн нэмэлт тайлбарыг хийсэн.
“Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58,8 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан хуулийн төслийг хаалттай хэлэлцэх горимын санал гаргав. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул төслийн хэлэлцүүлэг хаалттай горимд шилүүлсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.