Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2022 оны хоёрдугаар сард атны үнэ 1.4 сая төгрөг болж, өмнөх сараас 14.8 мянган төгрөг, соёолон үрээнийх 1.1 сая төгрөг болж, өмнөх сараас 18.9 мянган төгрөг, хязаалан гунынх 1.3 сая төгрөг болж, өмнөх сараас 22.6 мянган төгрөгөөр тус тус буурчээ.
Эр хонины үнэ 213.9 мянган төгрөг болж, өмнөх сараас 2.4 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 154.1 мянган төгрөг болж, өмнөх сараас 1.3 мянган төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Эр хонины үнэ хоёрдугаар сард Улаанбаатар хотод хамгийн их буюу 300 мянган төгрөг болж, өмнөх сараас өөрчлөлтгүй байна. Харин Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 175.4 мянган төгрөг болж, өмнөх сараас нэг мянган төгрөгөөр өсжээ.
Түүнчлэн газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр энэ оны хоёрдугаар сард боодолтой өвсний (20 кг) үнэ Говь-Алтай аймагт хамгийн их буюу 11.1 мянган төгрөг, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 2.9 мянган төгрөг байна.
Үхрийн хоёр метрээс дээш урттай шир хоёрдугаар сард 6.7 мянган төгрөг болж, өмнөх сараас 1.6 мянган төгрөгөөр буурсан аж. Харин ямааны цагаан ноолуур нэг кг үнэ 104.8 мянган төгрөг болж, өмнөх сараас 2.7 мянган төгрөгөөр өссөнийг мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.