Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хилийн хатуу хязгаарлалтыг хэрэгжүүлсэн Шинэ Зеланд улс ирэх сараас хилээ нээж, олон улсын аялагчдыг хүлээж авахаар болжээ.
Үүний хүрээнд, Австралийн иргэд 4 дүгээр сарын 13-наас эхлэн тус улсад нэвтрэх боломжтой болох бөгөөд аливаа тусгаарлалтад орох шаардлагагүй аж. Мөн визгүй зорчих орнуудын жагсаалтад багтсан 60 орчим улсын иргэдийг 5 дугаар сарын 2-оос, харин бусад аялагчийг 5 дугаар сарын 1-ээс хүлээж авах ба жуулчид вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байх ёстой юм. Түүнчлэн хилээр нэвтэрч буй бүх хүн коронавирусийн шинжилгээний "Сөрөг" хариутай байх шаардлагатай гэжээ.
Шинэ Зеланд нь 2020 оны 3 дугаар сараас хойш хилээ хаасан бөгөөд Австралиас зарим зорчигчийг хүлээж авч байсан билээ. Одоогийн байдлаар зөвхөн тус улсын иргэд хилээр орж, гарч байгаа юм.
Тэгвэл Ерөнхий сайд Жасинда Ардерн өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ "Шинэ Зеланд дэлхий дахиныг дахин угтан авахад бэлэн болсон. Бид одоо хилээ нээх ажлын дараагийн үе шатыг нэвтрүүлж, жуулчдыг хүлээж авах нь аюулгүй гэж үзэж байна" хэмээн тэмдэглэжээ.
Шинэ Зеландын эрх баригчид цар тахлын эсрэг чанга хатуу дүрэм журмыг хэрэгжүүлж, дэлхий дахинд сайшаагдсан жишиг тогтоогоод байсан ч сүүлийн үед халдвар огцом өсөх болсон билээ. Гэхдээ тус улсын дархлаажуулалтад хамрагдах боломжтой хүн амын 95 хувь нь вакцин тариулаад байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.