УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр 09.00 цагт хуралдана. Хуралдаанаар ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компани их хэмжээний зээл авсан талаар иргэн, аж ахуйн нэгж, УИХ-ын гишүүдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэлэлцэх юм. Уг асуудлыг өчигдөр хэлэлцэх ёстой байсан ч ирц хүрээгүй учир хуралдааныг хойшлуулсан юм.
Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын санал оруулснаар 60 тэрбум төгрөгийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Өнөөдөр Ёс зүйн дэд хороо хуралдаж асуудлыг хэлэлцсэний дараа УИХ хуралдах юм.
УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын нэр бүхий 27 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай албан бичгийг хэлэлцэнэ. Уг албан бичгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулийн хугацаа өнөөдөр дуусах юм.
Мөн чуулганаар,
“Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай,
“Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийг батлах тухай,
“Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай”,
“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийг батлах тухай,
“Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам”-ийг батлах тухай,
ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шалгах “Түр хороо байгуулах тухай”,
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг судлах “Түр хороо байгуулах тухай” зэрэг нийт 18 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон байна.