БОАЖ-ын сайдын бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай тушаал гаргалаа. Тодруулбал, ой хээрийн түймрийн улмаас экологийн тэнцвэр алдагдах, ойн санд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгжүүдийг бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хориглов.
Мөн тушаалын хэрэгжилтийг хангаж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт, бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон байна.
Жил бүрийн хаврын хуурайшилтын үед үүсдэг эрсдэл бол ой, хээрийн түймэр юм. Сүүлийн 2 жилд хур тунадас ихтэй чийгшилт харьцангүй сайн байсан тул ой хээрийн түймэр өмнөх онуудтай харьцуулахад бага гарсан. 3 дугаар сараас 7 дугаар сар хүртлэх хугацаанд хур тунадасны хэмжээнээс хамааран хуурайшилтын зэрэг янз бүр байдаг. Тэгвэл энэ жил хуурайшилт улам ихсэж, эрсдэлтэй байдал үүсэж буйг мэргэжлийн эрдэмтэн, судлаачид анхааруулж байгаа юм.
Энэ жилийн хувьд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 70 гаруй хувь цас багатай хавар эрт хуурайшилт үүсэж ой хээрийн гал түймэр гарах өндөр эрсдэлтэй болоод байгаа мэдээ бий.
Гал түймэр гарах гол нөхцөл нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бөгөөд дархан цаазат газарт самар, халиун бугын ясан эвэр түүх зорилгоор очсон иргэд асаасан галаа бүрэн унтраахгүй явснаас үүдсэн түймэр ихээр гардаг байна.
Зөвхөн тус дархан цаазат газарт сүүлийн гурван жилд гарсан томоохон хэмжээний түймрийн дүн мэдээг харахад нийт 203 га талбай түймэрт нэрвэгдэж ойн санд учирсан хохирлын хэмжээ 204 105 000 төг/ хоёр зуун дөрвөн сая нэг зуун таван мянган төгрөг/ болсон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хүнд хэцүү үед хүмүүс эвэр түүж багахан хэмжээний орлого олох нь буруу биш,сайд хариуцлагаас мултрах гэсэн хүний арга,гал түймэр чинь өөр асуудал гал гаргахгүй байх талаар хөдөө хээр газар галтай харьцах талаар олон хүнд хэрэгтэй зүйл хийх хэрэгтэй,хэнч тоож харахгүй наадаг хуудас хэвлэж мөнгө өрөхөө боль Жнь хөдөө газар зуух яаж хийх үнс нурмаа яаж унтраах яаж шалгах оч баригч яаж хийх гээд олон ажил байна