БНХАУ-д коронавирусийн "Омикрон" хувилбар хурдацтай тархаж байгаагийн улмаас халдварын өдөр тутмын тохиолдлын тоо нь цар тахлын эхэн үеэс хойш анх удаа таван мянга давсан байна.
Тус улсын Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, өнгөрсөн 24 цагт нийт 5,154 шинэ тохиолдол бүртгэгдсэний 1,647 нь шинж тэмдэггүй халдвар байжээ. Хэдийгээр бусад улс орны тоотой харьцуулахад энэ нь өндөр үзүүлэлт биш ч Хятадад сүүлийн хоёр жилийн хугацаанд халдварын тархалт бага хэвээр байсан билээ. Өмнө нь тус улсад нэг өдрийн дотор таван мянга гаруй шинэ тохиолдол хоёр удаа л илэрсэн бөгөөд эдгээр нь Ухань хотод анх цар тахал дэгдэх үеэр бүртгэгджээ.
Өнгөрөгч даваа гарагт батлагдсан нийт тохиолдлын дөрвөн мянга гаруй нь ОХУ-тай хиллэдэг Гирин мужаас илэрсэн тул 24 сая орчим оршин суугчтай тус бүсэд хөл хорио тогтоосон байна.
"Омикрон"-ы дэгдэлт Хятадын хамгийн чухал хотуудыг дайран, эдийн засгийг нь зогсонги байдалд оруулаад байгаа билээ. Бээжинтэй хиллэдэг Лангфанг хотыг өнгөрсөн долоо хоногт хөл хорионд оруулсан бол технологийн төв болох Шэньжэн хотод өнгөрөгч ням гарагт хөл хорьсон юм. Мөн Өмнөд Гуандун мужийн үйлдвэрлэлийн гол хот болох Дунгуанд халдвар өргөн тархаж байгаагийн улмаас бүс нутгийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр зогсоосон байна.
Түүнчлэн Хятадын санхүүгийн төв Шанхайд халдвар нэмэгдэж байгаа тул хот руу орох хөдөлгөөнийг хязгаарлаж, хот хоорондын автобусны үйлчилгээг зогсоон, олон улсын нислэгийг өөр чиглэлд шилжүүлэх талаар ярилцаж байгаа юм. Үүнээс гадна, цэцэрлэгээс дунд анги хүртэлх насны сурагчдыг цахим сургалтад шилжүүлсэн бөгөөд хотын хэд хэдэн эмнэлэг зөвхөн коронавирусийн тусламж, үйлчилгээ үзүүлэх болжээ.
Эх сурвалж: Bloomberg
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.