Монголын ардчилсан холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр холбогдсон хэргүүдийг шалгаж өгөхийг хуулийн байгууллагаас хүслээ. Энэ асуудалд Монголын хууль хяналтын байгууллага ажиллахгүй бол Европын Холбоо, АНУ-д хандана гэж мэдэгдсэн юм.
МоАХ-ны дарга Д.Монголхүү:
-Өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга нь төрийн дээд албан тушаалд байхдаа олон тооны гэмт хэрэгт холбогдсон гэх мэдээлэл олон гарсан. Иймд бид дотоодын хуулийн байгууллагуудад эдгээр гэмт хэргүүдийг нь шалгах хүсэлтээ хүргүүлж байна.
Мөн УИХ дахь МАН, АН-ын бүлэгт шаардлага өгнө. УИХ-ын гишүүний үндсэн үүрэгт хуулийн хэрэгжилтэд хяналт тавих гэсэн заалт бий. Төрийн өндөр албан тушаалтнуудын хэргүүд дээр ажиллаж байгаа хуулийн байгууллагынхан яаж ажиллаж байгаа дээр тэд яагаад хяналт тавихгүй байна вэ.
Өнөөдөр УИХ-ын гишүүн ард түмний татварын мөнгөөр цалинжиж, эрх мэдлийнхээ хүрээнд ажиллаж байгаа бол үүргээ биелүүл гэж хэлмээр байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр төмөр зам, 20 сая ам.доллар гээд маш олон хэргүүд дээр нэрлэгддэг. Хэвлэл мэдээлэл үүргийнхээ дагуу мэдээлээд байхад үүнийг хууль хяналтын байгууллага шалгахгүй байгааг гайхаж байна. Энэ асуудалд Монголын хууль хяналтын байгууллага ажиллахгүй юм бол бид олон улсад Европын Холбоо, АНУ-д хандана гэж төлөвлөсөн.
МоАХ-ны гишүүн О.Цэлмэг:
-Монгол улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга нь олон жил МоАХ-ны даргаар явсан. Хуулийн дагуу түүний нэр холбогдсон хэргийг шалгаж өгөөч гэж хүсэж байна.
Хоёрдугаарт МоАХ-ны гишүүний хувьд нэг хүний нэр дээр МоАХ-ны нэр байгааг эсэргүүцэж байна. Мөн МоАХ-ны байрыг барьцаалсан асуудлыг цэгцлэхийг хүсэж байна. Манай МоАХ нь хүний эрхийн тэмцэлд үнэнч байдаг, хэн нэгний өмч биш юм. МоАХ-ны хуваагдлыг засах ёстой гэсэн байр суурьтай байгаа учир энэ тэмцэлд нэгдсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.