Цэцэрлэгийн сугалааг эсэргүүцэж буй ээжүүдийн төлөөлөл Ерөнхий сайдаас шаардлагынхаа хариуг нэхэж, Төрийн ордны гадна жагсаж байна.
Ээжүүдийн төлөөлөл Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 8-нд жагсаал зохион байгуулсан билээ. Цэцэрлэгийн сугалааг эсэргүүцэж буй эцэг эхчүүдийн төлөөлөл албан шаардлагынхаа хариуг авахаар өнөөдөр Төрийн ордны гадна цугласан бөгөөд хариугаа автал Төрийн ордны гадна зогсоно гэж мэдэгдсэн юм. Хугацаа ёсоор тэд албан шаардлагынхаа хариуг өнөөдөр авах ёстой аж.
Цэцэрлэгийн сугалааг эсэргүүцсэн эцэг эхчүүдийн төлөөлөл албан шаардлагадаа:
1. Сургуулийн өмнөх боловсролд цэцэрлэгийн насны бүх хүүхдээ хамруулах асуудал
2. Хүүхдээ хөгжүүлж, сургахад сугалаа, квот гэж аливаа асуудлыг ярихаа зогсоох
3. Хүүхдийг харьяаллын ба харьяаллын бус гэдэг ялгаварлан гадуурхалтыг арилгах
4. Ашиглаж болохуйц төрийн өмчит байшин, барилгыг цэцэрлэг болгон ашиглах боломжийн талаар
5. Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийн тэтгэмжийн хэмжээг нэмэхийг тус тус тусгажээ.
Хүүхдээ цэцэрлэг, сургуульд хамруулаагүйгээс шалтгаалж эцэг, эхийн аль нэг нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болдог. Энэ нь цаашлаад гэр бүлийн эдийн засагт сөргөөр нөлөөлдөг бөгөөд нийгэмд тулгамдаад байгаа энэ асуудалд тодорхой хэмжээнд шийдэлтэйгээр арга хэмжээ авах шаардлагатай гэж тэд хэлж байна. Цэцэрлэгийн сугалааг эсэргүүцсэн эцэг эхчүүдийн төлөөллийг БШУ-ы сайд хүлээн авч уулзсан бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг зохион байгуулна гэдгээ илэрхийлжээ.
Эцэг, эхчүүд "Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хүүхэд сурч боловсрох эрхтэй.Хүүхдүүдийнхээ төлөө бид бүгд "ЗА" гэж дугарах ёстой. Энэ ч үүднээс өнөөдөр ийнхүү нэгдээд зогсож байна" гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.