Мексикийн баруун хэсгийн Мичоакан мужийн Агилилла хотын захирагч Сезар Артуро Валенсиа Кабалеро өнгөрөгч пүрэв гарагт буудуулж амиа алдсан талаар орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.
Агилилла нь Халиско шинэ үеийн картель гэх гэмт хэргийн бүлэглэлийн хяналтад орсон бөгөөд Мексикийн Засгийн газар өнгөрсөн сард тус хот руу зэвсэгт хүчин илгээн, эмх журам тогтоохыг оролдож байгаа билээ.
Ноён Валенсиа хотын захиргаанаас гэртээ харьж явахдаа гурван удаа буудуулсан бөгөөд хэргийн газраас хэд хэдэн сумны хонгио олсон гэж албаныхан мэдээлсэн юм. Мужийн Ерөнхий прокурорын газар энэхүү хэргийг шалгаж байгаа ба одоогоор сэжигтнүүдийг тогтоогүй байна.
АНУ-ын Засгийн газрын мэдээлснээр, Агилилла хот нь Халиско шинэ үеийн картелийн удирдагч Немесио "Эль Менчо" Осегуерагийн төрсөн газар аж. Халиско нь Мексикийн хамгийн хүчирхэг гэмт хэргийн бүлэглэлүүдийн нэг бөгөөд Мичоакан дахь хар тамхины наймааны замыг хянахын тулд олон жилийн турш өрсөлдөгч бүлгүүдтэйгээ харгис хэрцгий дайн хийж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.