Унгарын Парламентын гишүүд эрх баригч Фидес намын хууль тогтоогч Каталин Новакийг тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгожээ.
44 настай Новак нь Ерөнхий сайд Виктор Орбаны тэргүүлдэг Фидес намын дэд даргаар ажиллаж байсан бөгөөд Гэр бүлийн асуудал эрхэлсэн сайд байхдаа дундаж давхаргын эдийн засгийг дэмжих хөтөлбөрийг хариуцаж байжээ. Тэрээр нийт 137 санал авсан бол сөрөг хүчний нэр дэвшигч Петер Рона 51 санал авсан аж.
2010 оноос хойш Засгийн эрхийг барьж байгаа Ерөнхий сайд Орбан өөрийн эрх мэдлийн талаарх дотоодын эсэргүүцлийг бараг бүрэн устгасан бөгөөд гол албан тушаалуудыг үнэнч дагагчдаараа дүүргэсэн юм. Тэгвэл дөрвөн долоо хоног хүрэхгүй хугацааны дараа сонгуульд өрсөлдөх гэж буй тэрээр Новакийг Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгон, эмэгтэй сонгогчдын дэмжлэгийг авахыг хичээж байгаа гэж шинжээчид үзэж байна.
Харин Каталин Новак өөрийгөө Орбаны эрх мэдлийг нэмэгдүүлэх хэрэгсэл болно гэх мэдэгдлийг эрс няцааж, "Би энэ албан тушаалд зүгээр л утсан хүүхэлдэй болно гэж хэлж байгаа хүмүүс зөвхөн намайг бус, харин эмэгтэйчүүдийг бүгдийг нь доромжилж байна. Эмэгтэй хүн бие даасан шийдвэр гаргах чадвартай төрийн түшээ байж чадна гэдэгт тэд итгэж чадахгүй байгаа бололтой" хэмээн сэтгүүлчдэд хэлжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.