УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ гэдгээ илэрхийлээд байгаа. Түүнчлэн тус намын Улс төрийн зөвлөл хуралдаж Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжиж уг асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг нэгдмэл байр суурь баримталж ажиллахыг чиглэл болгосон тогтоол гаргасан.
Гэвч АН-аас сонгогдсон зарим УИХ-ын гишүүд нам, бүлгийнхээ байр суурийг дагахгүй гэсэн яриа гарч байна. Тухайлбал, УИХын гишүүн Ж.Батзандан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр ажилладаг. Өнгөрсөн даваа гарагт болсон тус Байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн. Харин дээрх хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан оролцоогүй. Үүнээс шалтгаалан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд эсрэг кноп дарах эсвэл чуулганы хуралдаанд суухгүй юм байна гэсэн таамаг гарч байна.
Саяхан Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа
-“Би хэн нэгнийг албан тушаалд томилохдоо нэг ч төгрөг аваагүй. Хэрэв авсан тийм баримт гарч ирвэл хариуцлагаа хүлээж, УИХ-ын гишүүнээсээ ч түдгэлзэхэд бэлэн байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сая мэдэгдэлдээ “Ийм яриа болсон” гэж байна лээ. Тэгвэл тэр яриаг бодитоор хэрэгжүүлсэн үү, үгүй юу гэдгээс хамаарч гэмт хэрэг үү, үгүй юу гэдэг нь тогтоогдоно. Хүмүүс хоорондоо юу ч ярьж болно. Хэн нэгний ярьсан яриа болгон гэмт хэрэг үү, үгүй юү гэдгийг ялгаж салгаж ойлгох ёстой. Ж.Эрдэнэбат гэдэг хүн Ерөнхий сайд байгаад ихэнх албан тушаалтнуудыг томилсон гээд намайг 60 тэрбумынх болгох гэдэг. Хэрвээ тийм бол манай намаас сонгогдсон УИХын гишүүн болгон, бүр Ардчилсан намын гишүүд хүртэл 60 тэрбумын хэргийн хамсаатан болно. Тухайлбал, Ж.Батзандан гишүүн байна. Тэр хүн Ж.Бат-Эрдэнэ гэж ахыгаа Төрийн нарийн бичгийн даргаар нь үлдээж өгөөч гээд явж л байсан. Зам, тээврийн хөгжлийн яаман дээр гарсан харамсалтай хэргээс болж ажлаа өгсөн. Тэгвэл Ж.Батзандангаас “Ах чинь тэр албан тушаалд очихдоо мөнгө төлсөн юм уу” гэдгийг асуу” хэмээн ярьсан.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаалаас Б.Бат-Эрдэнийг чөлөөлөөд байгаа. Түүний оронд УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Бат-Эрдэнийг томилох тухай явган яриа ч гарч байна. Үүнээс улбаалж УИХ-ын гишүүн Ж.Батзандан Засгийн газрыг огцруулах асуудал дээр намтайгаа зөрчилдөнө гэж үзэх хүмүүс ч байгаа юм.
Нөгөө талаар АНын Их хурал ирэх сарын 5-ны өдөр товлогдоод байгаа. Тус хуралдаанаар АН-ын дарга С.Эрдэнэ намын хамтын шийдвэрийн эсрэг явдаг зарим гишүүддээ хариуцлага тооцох тухай яригдаж байна. Хэрэв үнэхээр олны таамаглаж буй шиг нам, УИХ дахь намын бүлгийнхээ шийдвэрийг сөрсөн асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан гаргавал тус хурлаар хэлэлцэж таарах билээ.
Ж.Сайхан