Хаврын улиралд томуу болон томуу төст өвчлөл нэмэгддэг. Сүүлийн хоногуудад томуугийн халдвар нэмэгдсэнээс эмнэлгүүдийн хүүхдийн тасаг ачаалал ихтэй ажиллаж байна. Нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгээс нөхцөл байдал ямар байгааг хүргэе.
Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн орлогч Д.Сүнжидмаагаас томуу, томуу төст өвчний халдварын нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Сонгинохайрхан дүүргийн хувьд хүүхдийн өвчлөл ямар түвшинд байна вэ, танай эмнэлгийн ачаалал их байна уу?
-Улирлын томуу өвчний халдвар нэмэгдсэнтэй холбоотойгоор манай эмнэлэг 200 ор дэлгэн ажиллахаар төлөвлөсөн ч өнөөдрийн байдлаар 346 хүүхэд томуу өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна. Бид ор дэлгэлт, эм тарианы хангалтад онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Хоногт 250-300 хүүхэд яаралтай тусламжийн төвд хандан ирж байгаагаас 60-100 хүүхэд буюу яаралтай тусламжаар үйлчлүүлэгсдийн 40-60 хувь нь хэвтэн эмчлүүлж байна. 0-5 хүртэлх насны хүүхдүүд, ялангуяа бага сартай хүүхдэд амьсгалын замын өвчлөл давамгайлж байна. Томуу, томуу төст өвчний харуулдан тандалтын мэдээгээр томуугийн энтеровирус, риновирус зэрэг вирусүүд бүртгэгдсэн байгаа. Эмнэлзүйн шинж тэмдгээр бол уушгины хатгалгаа болсон, шуугьсан, халуурсан, амьсгал бачуурах шинжтэй ирж байна.
-Хүмүүсийн болгоомжлоод байгаачлан короновирус болоод бусад шинэ төрлийн халдварт вирус дэгдсэн хэрэг биш гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, шинэ төрлийн вирус бүртгэгдээгүй байна. Сүүлийн хоёр жил “Ковид-19”-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор томуу, төст өвчний өвчлөл бага байсан. Түүнээс өмнө, 2018, 2019 онд улирлын томуугийн дэгдэлт энэ жилийн хэмжээнд хүрч, манай эмнэлэг тусламж, үйлчилгээ үзүүлж байсан. Иргэдийн хувьд шинэ төрлийн вирус дэгдсэн байх вий гэж болгоомжлох хэрэггүй юм.
-Эмнэлгийн орны хүрэлцээ хэр байгаа вэ, эмнэлгийн ажилтнууд хангалттай байж чадаж байгаа юу?
-Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Сонгинохайрхан дүүрэг 40 хороотой, ачаалал асар өндөр байгааг харгалзан гуравдугаар сарын 4-ний өдрөөс долоон хороог ЭХЭМҮТ рүү шилжүүлсэн. Манай байгууллагын хувьд дотооддоо хүн хүчний ачааллыг тэнцүүлэх зохицуулалтыг хийж ажилладаг.
Хүүхдийн тусламж үйлчилгээний үндсэн 19 эмч хүрэлцэхгүй байгаагаас насанд хүрэгчдэд үйлчилдэг эмч нарыг дайчлан ажиллаж байна. Ковид туссан хүүхдүүдийг манай эмнэлэгт эмчилж байсан.
Манай эмнэлгийн эмч, сувилагч, асрагч , эмнэлгийн ажилтнууд “Ковид-19”-ийн амаргүй хүнд нөхцөлд ажиллаад даваад гарсан. Араас нь улирлын томуу залгаад дэгдсэн учир эмч, эмнэлгийн ажилтнууд маань ядарч байна. Ялангуяа эмчилгээ гардаж хийдэг сувилагч нарын ачаалал маш их байгаа. Тиймээс Нийслэлийн Эрүүл мэндийн газраас АШУҮИС болон Сувилахуйн сургуулийн зургадугаар курсийн оюутнуудыг нэмэлтээр ажиллуулахаар зохицуулалт хийж байна.
-Томуугаар өвдсөн хүүхдийн эмчилгээнд ашиглах тоног төхөөрөмж, амьсгалын аппарат хүрэлцээтэй юү?
-Манай эмнэлэг 28 амьсгалын аппараттай. Хүчил төрөгчийн жижиг оврын үйлдвэр бүхий 256 ханын системтэй. Эмнэлгийн тоног төхөөрөмж хангамж талаасаа бусдаасаа илүү.
-Эм, тарианы хангамж ямар байна вэ?
-Одоогоор тасарсан эм, тариа байхгүй.
-“Ковид-19”-ийн шинж тэмдэг ханиадтай ойролцоо байдаг. Тэгэхээр томуугаар өвчилсөн хүүхдүүд давхар коронавирусээр өвчилсөн эсэхийг нягталж байгаа юу?
-Тэгэлгүй яахав. Манай эмнэлэг шинээр хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд болон асран хамгаалагч нэг хүнээс коронавирус илрүүлэх PCR шинжилгээг авч байгаа. Урьд шөнө л гэхэд ирж хэвтсэн 99 хүүхэд, тэдний асран хамгаалагч гээд нийт 198 хүний шинжилгээг авсан. Сүүлийн долоо хоногт “Ковид-19”-ийн халдвар бүртгэгдээгүй.
Ханиад томуу болон бусад амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Бага насны хүүхдүүдийг олон нийтийн газраар авч явахгүй байхын дээр өвдсөн хүүхдийг бусдаас тусгаарлах, маск зүүлгэж, гарыг нь сайтар угаалгах зэргээр гэрийн нөхцөлд халдвар хамгааллын дэглэм сахиж заншихыг эмч, мэргэжилтнүүд сануулж байна.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөхөөс гэрийн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч З.Ганчулуун дараах зөвлөгөөг өглөө.
-Томуу, томуу төст өвчин бол амьсгалын замаар өвчилдөг вирусийн халдварт өвчин. Амьсгалын замын халдварт өвчний хувьд вакцинтай дүйцэхүйц урьдчилан сэргийлэлт бол өвдсөн хүүхдээ тусгаарлах, маск зүүлгэж занших, гараа сайтар угаах, олон хүнтэй газраар хүүхдээ дагуулж явахгүй байх. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ олон нийтийн газраар авч явахгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, хүүхдэд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 2-3 хоног цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй, гэрт нь асрахад анхаарах нь зөв.
-Хүүхдүүд цэцэрлэг, сургуулиас халдвар авч байна гэсэн үг үү?
-Хаврын улирал бол томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үе л дээ. Урьд өмнөх жилүүдэд ч арванхоёрдугаар сараас гуравдугаар сарыг дуустал томуу дэгдэж байсан. Харин сүүлийн хоёр жилийн хувьд хүмүүс гэрийн дэглэмд байсан тул томуугийн дэгдэлт харьцангуй бага байсан. Энэ хаврын хувьд сургууль, цэцэрлэг хэвийн ажиллаж эхэлсэн. Энэ бүхэнтэй холбоотойгоор улирлын томуу дэгдэж, цэцэрлэг, сургуульд явдаг хүүхдүүд нь гэртээ байгаа багачуудаа халдварлуулж байна.
-Ой хүрээгүй, бага сартай нялх, нярай хүүхдүүд өвдөх нь элбэг байна гэсэн. Нялх хүүхэдтэй хүмүүс юунд анхаарах ёстой вэ?
-Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /ягаан дэвтэр/-ийн 36 дугаар хуудсанд ямар тохиолдолд эмнэлэгт хандах талаарх зөвлөмж бий. Тэрхүү зөвлөмжийн дагуу хүүхдээ ажиглах учиртай.
Амьсгалын замын халдварын хүндрэлийн үед хүүхдийн амьсгал олшрох, амьсгалах үед шуугиант болон хяхтнах чимээ гарах, саадтай амьсгалах, хэт өндөр халуурах, удаан хугацаанд халуурах, уусан болгоноор бөөлжих, халуураагүй үедээ унтаарах зэрэг аюултай ерөнхий шинжүүд илэрвэл эмч, эмнэлэгт хандана.
Аюултай ерөнхий шинж илрээгүй тохиолдолд гэрийн нөхцөлд асарч тойлох нь зүйтэй. Халууныг зөв буулгаад өөрийнх нь аяга халбагаар хооллож, цаг тутамд халуун бүлээн шингэн уулгах, тухтай унтуулж амраах зэргээр 2-3 хоног асрах шаардлагатай. Ээж, аавууд хүүхдээ ганц нэг ханиах, бага зэрэг халуурах үед яаран эмнэлэгт хандах нь элбэг байдаг. Яаран эмнэлэгт ирснээр хүүхэд нэмж вирусээр халдварлах нөхцөл болох нь бий. Тиймээс ханиад томууны хөнгөн өвчлөлийн үед хүүхдийг хэрхэн асрах мэдлэг, мэдээлэлтэй болох хэрэгтэй байна.
-Гэрийн нөхцөлд асарна гэхээр хүмүүс эмийн сангаас эм, тариа дур мэдэн авч хэрэглэх нь бий. Ингэж эмчилгээг дураараа хийх нь ямар үр дагавартай вэ?
-Эм, тариаг дур мэдэн хэрэглэх, ялангуяа бага насны хүүхдүүдэд эмчийн зааваргүйгээр эмчилгээ хийх нь аюултай гэдгийг эцэг эхчүүд мэддэг болсон. Харин сүүлийн үед ханиад хүрэх болгонд утлага эмчилгээг гэрийн нөхцөлд хийх тохиолдол элбэг байна. Шуугиант амьсгал илрээгүй үед утлагат эмчилгээ хийх нь хүндрэл учруулах эрсдэлтэй. Тиймээс амьсгалах үед цээж нь хонхолзох, шуугиантай амьсгалах зэрэг шинж тэмдэг илэрч буй эсэхийг ажиглаж, ямар ч эмчилгээг эмчийн зааврын дагуу хийгээрэй гэж зөвлөе.
-Саяхнаас менингит өвчин бүртгэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Танай эмнэлэгт энэ өвчнөөр өвдсөн тохиолдол гарсан уу. Менингит өвчин халдвартай юу, энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Менингитийн үүсгэгч олон янз байдаг. Вирус, бактерийн улмаас хоёрдогчоор менингит буюу тархины бүрхүүлийн үрэвсэл үүсэх нь олон. Жилд цөөнгүй хүүхэд манай эмнэлэгт энэ өвчний улмаас хэвтэн эмчлүүлдэг. Эрт оношлогдсон тохиолдолд бүрэн эдгэрдэг өвчин. Менингококкоор үүсгэгдсэн менингит өвчний нэг тохиолдол манай эмнэлэгт бүртгэгдсэн. Бусад дүүрэгт ч мөн бүртгэгдсэн учир салбарын яамнаас сэрэмжлүүлэг мэдээлэл гаргасан байсан.
Менингит амьсгалын замаар халдварладаг. Тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд өмнө хэлсэнчлэн олны хөлийн газраар хүүхдээ авч явахгүй байх, өвдсөн үед тусгаарлах, гараа сайтар угаах зэрэгт анхаарах шаардлагатай.
-“Ковид-19”-өөс шалтгаалан хүүхдүүдийн дархлаа суларч байгаа. Дархлааг хэрхэн дэмжих вэ. Томуугаас сэргийлэх вакцин хэр үр дүнтэй байна вэ?
-Хүүхдийг аль болох эрт унтуулах, дэлгэцээс хол байлгах, нэг удаад 2-3 цагаас илүү хугацаагаар дэлгэц ширтүүлэхгүй байх, шим тэжээлтэй хоол, унд өгөх зэрэг нь дархлааг унагахгүй байх хамгийн наад захын асуудал. Улирлын томуугийн дэгдэлт арванхоёрдугаар сараас гуравдугаар сарыг дуустал үргэлжилдэг. Тиймээс томуугаас сэргийлэх вакцин, сайн дурын дархлаажуулалтад хамрагдаж заншвал томуу, томуу төст өвчнөөс сэргийлж чадна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Ази, Номхон далайн орнуудад ямар вакцин үр дүнтэй байгааг судалж мэдээлдэг. Тиймээс ХӨСҮТ болон бусад эрүүл мэндийн байгууллагаас явуулж буй дархлаажуулалтад хүүхдүүдээ хамруулах нь зүйтэй юм. Вакцин хийлгэсэн хүүхдүүд өвдсөн ч хөнгөн өвддөг. Хавар, намрын улиралд их хэмжээний суулгалт үүсгэдэг ротовирусээр хүүхдүүд өвдөх нь элбэг болсон. Ротовирусээс урьдчилан сэргийлэх уудаг вакциныг эм ханган нийлүүлэх байгууллагууд санал болгож байгаа. Түүнийг хэрэглэхэд буруудах зүйлгүй. Түүнээс биш дархлааг эм, тариагаар сэргээх, дэмжих нь оновчтой биш гэлээ.
Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг 165 ортой ч өнөөдрийн байдлаар 346 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Улирлын томуугийн дэгдэлтээс үүдэн ачаалал эрс нэмэгджээ. Эмч, сувилагч хүрэлцээгүйгээс цаашид мэргэшигч эмч нарыг дайчлан ажиллуулахаар болсон байна. Эмнэлгүүд ачаалалтай, өвчлөл их байгаа нөхцөлд эцэг эхчүүд хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд анхаарах нь чухал байна. Томуугийн хөнгөн хэлбэрээр өвдсөн үед яаран эмнэлгээр авч явж хүндрүүлэх тохиолдол байгааг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.