Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 120 шинэ тохиолдол батлагджээ.
Сүүлийн 10 гаруй хоног дараалан халдварын тохиолдлын тоо багасаж буй юм. Шинээр илэрсэн халдварын 70 нь Улаанбаатарт, 50 нь орон нутагт бүртгэгдсэнийг ЭМЯ мэдээлэв. Орон нутгаас хамгийн олон буюу 12 тохиолдол Завхан аймагт батлагдсан байна. Харин 12 аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй.
Мөн энэ хугацаанд коронавируст халдварын улмаас нэг эмэгтэй нас барлаа. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 4290 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 1154 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдний 296 нь хөнгөн, 713 нь хүндэвтэр, 133 нь хүнд, 12 нь нэн хүнд хэмээн оношлогджээ.