Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болжээ.
Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох” зохицуулалтын талаар хэлэлцэж шийдвэрлэснээс гадна О.Цогтгэрэл даргатай АН-аас ирүүлсэн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолыг тайлбарлуулах хүсэлтийг хангахаас татгалзсан нь анхаарал татаж байна. Уг хүсэлтийн талаар УДШ-ийн Хэвлэл, мэдээллийн албанаас,
-Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очироос ирүүлсэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар тогтоолыг тайлбарлуулах хүсэлттэй танилцаад хүсэлтэд дурдсанаар нийт шүүгчийн хуралдаанаас гаргасан тогтоолыг тайлбарлах шаардлагагүй гэж үзэж, энэ талаар хариуг Захиргааны хэргийн танхимын тэргүүн албан бичгээр өгөх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ гэсэн байна.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар тогтоолоор "Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хангахаас хэд хэдэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн" юм. Дэлгэрэнгүйгээр хэлбэл, 2021 оны 3 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан АН-ын даргыг сонгох сонгуулийн үйл явц, О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар сонгосон, намын даргын сонгуулийг зохион байгуулсан болон сонгуулийн байгууллагын холбогдох шийдвэрүүдийг Ардчилсан намын Үндсэн дүрэмд нийцсэн гэж дүгнэх боломжгүй, уг сонгуулийн үр дүнд Ардчилсан намын даргаар сонгогдсон гэх О.Цогтгэрэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очирын “Бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж нийт шүүгчийн хуралдаанаас дүгнэсэн байсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.