Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Туркийн Истанбул хотын төвд олон мянгаараа цугларан, жагссан эмэгтэйчүүдтэй цагдаа нар мөргөлдөж, тэднийг тараахын тулд нулимс асгаруулагч хий цацсан байна.
Истанбул хотын захирагчийн албанаас өнгөрөгч даваа гарагт гаргасан мэдэгдэлд, 3 дугаар сарын 8-ны өдөр Таксим төв талбайн эргэн тойронд аливаа жагсаал, цуглаан, хэвлэлийн мэдэгдэл зохион байгуулахыг зөвшөөрөхгүй гэж онцолсон аж.
Гэвч тус өдөр эмэгтэйчүүд олноороо жагсан, "Бид айхгүй байна. Бид бөхийхгүй" хэмээн хашхирч байжээ. Удахгүй жагсагчид болон цагдаа нар мөргөлдөж, зарим иргэн цагдаагийн хаалтуудыг хүчээр давахыг оролдсон байна. Ингээд цагдаа нар жагсагчдыг бамбайгаар түлхэн ухрааж, тэдний эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан аж.
Энэхүү жагсаалд оролцсон нэгэн эмэгтэй "Манай улс орны нөхцөл байдал, эмэгтэйчүүдэд өдөр бүр нүүрлэж буй муу муухайг бүгд харж байна. Би өдөр бүр гудамжинд айдастай алхдаг. Үнэнийг хэлэхэд би өнөөдөр айдасгүйгээр алхах гэж энд ирсэн" гэж сэтгүүлчдэд хэлжээ. Жагсагчдын нэг Элиф Туркмен мөн "Бид энгийн жагсаал хийхдээ ч цагдаа нартай тулгарч байна. Бид зүгээр л энэ өдрийг тохиолдуулан жагсаж, хэвлэлийн мэдэгдэл хийхийг хүссэн. Гэвч үүнийхээ төлөө цагдаа нарын эсрэг тэмцэх ёстой болоод байна" хэмээсэн байна.
Турк улсын Засгийн газар ийм төрлийн жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглож, цугласан олныг цагдаагийн хүчээр тараах болсноор өмнөх жилүүдийн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ч мөн адил дүр зураг үүссэн билээ.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.