Барууны орнууд Украин дахь түрэмгийллийн эсрэг эдийн засгийн хариу арга хэмжээгээ эрчимжүүлж байгаа бөгөөд үүний хүрээнд АНУ, Их Британи улсууд ОХУ-ын газрын тосны импортыг хориглож, харин Европын Холбоо Оросын байгалийн хийд хязгаарлалт тавихаар болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ талаар "Бид Оросын газрын тос, байгалийн хий, эрчим хүчний бүх импортыг хориглож байна. Ингэснээр Оросын газрын тосыг АНУ-ын боомтуудад хүлээж авахгүй бөгөөд Америкийн ард түмэн Ерөнхийлөгч Путинд дахин хүчтэй цохилт өгнө гэсэн үг" хэмээн мэдэгдсэн юм.
Үүнтэй адил, Их Британи улс 2022 оны эцэс гэхэд Оросын газрын тосны импортыг бүрэн зогсоохоор төлөвлөж байгаа аж. АНУ-ын газрын тосны импортын найм орчим хувь, харин Их Британийн импортын зургаа орчим хувь нь ОХУ-аас ирдэг байна. Үүнтэй харьцуулахад, ЕХ Оросын эрчим хүчнээс илүү хамааралтай байдаг тул бүрэн хэмжээний хориг арга хэмжээ авах боломжгүй билээ.
Европын Комиссын зүгээс "2030 оноос өмнө Европыг Оросын шатах ашигт малтмалаас хараат бус болгох"-ын тулд өөр хангамжид шилжиж, хомстлыг нөхөхийн тулд цэвэр эрчим хүчийг хурдацтай өргөжүүлнэ гэж мэдэгдсэн юм.
ОХУ нь Саудын Араб, АНУ-ын дараа орох дэлхийн гурав дахь том газрын тос үйлдвэрлэгч ба эдийн засаг нь эрчим хүчнээс ихээхэн хамааралтай байдаг. Тиймээс эдгээр хориг арга хэмжээ нь Оросын орлогын амин чухал эх үүсвэрт саад болох хэдий ч Барууны хэрэглэгчдэд ч мөн нөлөөлөх юм. Энэхүү нөхцөл байдлын улмаас АНУ, Их Британид шатахууны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрээд байгаа бөгөөд цаашид улам өсөх магадлалтайг шинжээчид анхааруулж байгаа. Гэхдээ Венесуэл улс Оросын нефтийг орлуулахын тулд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэх боломжтой гэж зарлажээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.