Мексикт өнгөрөгч ням гарагт болсон хөлбөмбөгийн томоохон тоглолтын үеэр хоёр талын хөгжөөн дэмжигчид мөргөлдөж, улмаар 26 хүн гэмтэж бэртжээ.
Ла Коррегидора цэнгэлдэх хүрээлэнд өрнөж байсан Куеретаро, Атлас багуудын хоорондох тоглолт эхлээд 63 минут өнгөрсний дараа үзэгчид талбайд гарч, нөхцөл байдал хяналтаас гарсан тул тэмцээнийг зогсоосон байна. Зарим тоглогч хөгжөөн дэмжигчдээ тайвшруулахыг оролдсон ч хэтэрхий аюултай болсон учир талбайг орхисон гэж албаныхан мэдээлсэн юм.
Энэхүү явдлын дараа нийт 26 хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний гурав нь хүнд шархадсан аж. Мөн энэхүү мөргөлдөөний үеийн зураг, бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр өргөн тархсан бөгөөд хэрээс хэтэрсэн хүчирхийллийн улмаас хүний амь нас хохирсон байж магадгүй гэж олон хүн таамаглаж байна.
"Liga MX"-ийн Ерөнхийлөгч Микель Арриола өнгөрөгч ням гаргийн бүх тоглолтыг цуцлан, "Цэнгэлдэх хүрээлэнгийн хамгаалалтыг бүрэн хангаагүй хүмүүс үүнд буруутай бөгөөд тэднийг зүй ёсоор шийтгэнэ. Тоглогчид болон хөгжөөн дэмжигчдийн аюулгүй байдал бол хамгийн чухал зүйл!" хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.