Дэлхийн хамгийн алслагдсан суурин газруудын нэг болох Чатамын арлуудад цар тахлын анхны тохиолдол бүртгэгджээ. Шинэ Зеландын эх газраас зүүн зүгт 800 гаруй км-ийн зайд оршдог тус бүлэг арал нь 600 орчим байнгын оршин суугчтай аж.
Кентербери хэсгийн эрүүл мэндийн зөвлөлийн мэдээлснээр, Чатамын хоёр иргэн коронавирусээр өвчилсөн болох нь өнгөрсөн амралтын өдрүүдэд ил болсон бөгөөд одоо тэднийг тусгаарлан, эмнэлгийн тусламж үзүүлж байгаа гэнэ. Арлуудын хамгийн том суурин болох Вайтангийн гудамж даваа гаргийн өглөө нам гүм байсан бөгөөд "Маш цөөхөн хүн гэрээсээ гарсан. Зарим хүн үнэхээр санаа зовж байгаа бол зарим нь өндөр бэлтгэлтэй байгаа" гэж бүс нутгийн дарга Моник Кроон хэлжээ.
Шинэ Зеланд улсад өнгөрөгч 1 дүгээр сард "Омикрон" хувилбар хурдацтай тархаж эхэлснээс хойш халдварын тохиолдлын тоо огцом өссөн ба өнгөрсөн 24 цагийн дотор 17,522 шинэ тохиолдол бүртгэгдэж, 696 хүн эмнэлэгт хэвтсэн байна. Чатамын арлууд нь Шинэ Зеландын нэг хэсэг бөгөөд тус хэсгийн оршин суугчид болон эх газрын иргэд чөлөөтэй ирж, явах боломжтой юм.
Албаныхан энэ долоо хоногт арлуудын бүх өрхөд түргэвчилсэн шинжилгээний багцыг тарааж, вакцинжуулалтын хөтөлбөрийг эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Шинэ Зеландын нийт хүн амын 73 хувь нь дархлаажуулалтад бүрэн хамрагдаад байгаа ч Чатамын арлуудын дөнгөж 56 хувь нь вакцин тариулсан байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.