СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-05

“Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл” хэлэлцүүлэг боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран өчигдөр (2022.03.04) “Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Б.Пүрэвдорж,  Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Шинжлэх ухааны академи, МУИС, Боловсролын их сургуулийн багш, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Мөн Улсын дээд шүүхэд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа намууд болох ИЗНН, Ногоон нам, Монголын хүний төлөө нам, Ард түмний олонхийн засаглал нам, Эх орончдын нэгдсэн нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Монголын үндэсний ардчилсан нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Гэр хороолол хөгжлийн нам, Миний Монгол нам, Их эв нам, Бүгд найрамдах нам, Монголын социал демократ нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний хөдөлгөөний нам, Ард түмнээ хайрлая нам, Үнэн ба зөв нам, Зон олны нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Эх орон нам, Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам, Монгол консерватив нам зэрэг намуудын төлөөлөл оролцсон байна. Хэлэлцүүлгийн чиглүүлэгч, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат улс төрийн намууд, түүний төлөөллийг цуглуулж санаа, бодлыг сонсож, нээлттэй ярилцахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг тэмдэглэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн нэгдэл болох улс төрийн намын эрх зүйн шинэтгэлд анхаарал хандуулж, парламентад суудалтай намууд болон бусад намууд, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан талаар мэдээлэв.

Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар ахалсан байна. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар нар үг хэллээ.Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар:

-Монгол Улсын Их Хурал 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг амилуулж, хэрэгжүүлэх зорилгоор “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолыг батлан гаргасан. Тус тогтоолын дагуу 31 хууль батлах ёстойгоос өнөөдрийн байдлаар 14 хуулийг шинэчлэн баталсан, хоёр хууль хэлэлцүүлгийн шатанд байна. Үлдэж буй 15 хуульд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улс төрийн намын санхүүжилтийн тухай анхдагч хуулийн төсөл багтаж байна.

Хуулийн төслийг намуудын оролцоог хангаж боловсруулах ёстой учраас олон намын төлөөллийг оролцуулан, олон нийтээр хэлэлцүүлээд, хийдэлгүй хууль хэлэлцэж батлахыг зорьж байна. Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг. Бидний зорьж, тэмүүлж байгаа эдийн засгийн хөгжил, эрүүл нийгэм, хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох чин эрмэлзлэлийг үр дүнд хүргэх нэг чухал хөшүүрэг улс төрийн намын шинэтгэл. Ийм цаг үед энэ хэлэлцүүлэг болж буй нь их ач холбогдолтой. Улс төрийн намын санхүүжилтийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулалтын шатандаа байна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг "Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл” сэдэвт илтгэлээрээ дэлхийн улс төрийн намуудын хөгжлийн чиг хандлага, тэр дундаа намын санхүүжилт, бодлогын нам болохтой холбоотой асуудлыг, мөн Монгол дахь улс төрийн намууд, тэдгээрийн эрх зүйн шинэтгэлийн үндэслэл, шаардлагын талаар танилцуулаад улс төрийн намын эрх зүйн шинэтгэлийг Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу, олон улсын жишиг, парламентын засаглалтай улс орнуудын сайн туршлагыг харгалзан хийх нь зүйтэй гэж дүгнэсэн. Мөн дэлхийн улс орнуудын намын хөгжлийн чиг хандлагыг судалж, Монголын нөхцөлд таарах сайн туршлага, ололтыг нэвтрүүлэх ёстой талаар хөндлөө.

Боловсролын их сургуулийн багш, судлаач, доктор Э.Гэрэлт-Од "Монгол дахь улс төрийн намын төлөвшлийн асуудлууд” сэдэвт илтгэлээрээ өнгөрсөн 32 жилд улс төрийн намын төлөвшилтөд тулгарч байсан асуудлуудыг тодруулж, олон намын тогтолцооны шилжилт, улс төрийн намын эрх зүй, бүтэц, зохион байгуулалт, гишүүнчлэл, дотоод ардчилал, санхүүжилт, бүртгэлийн тогтолцоо, хяналт хариуцлага, олон нийтийн дэмжлэг, сонгуулийн системийн өөрчлөлт гэсэн агуулгын хүрээнд мэдээлэл өгсөн.

Түүний илтгэлд Улсын дээд шүүхэд 35 улс төрийн нам бүртгэлтэй байдаг талаарх тоо баримт дурдагдлаа. Тэрбээр өнгөрсөн 32 жилийн хугацааны намын тухай хуулийн эрх зүйн орчин нь улс төрийн намын төлөвшилтийг дэмжихгүй байна гэдэг дүгнэлтийг хэлж, цаашид бүртгэлийн тогтолцоог өөрчлөх, бүтэц, зохион байгуулалтыг уян хатан болгох, намын чиг үүргийг тодорхойлох, санхүүжилтийг ил тод болгох, төрийн санхүүжилтийг өрсөлдөөнийг дэмжсэн аргаар шударга хуваарилах, дотоод ардчиллыг дэмжих, хариуцлагын механизмыг сайжруулах, олон нийтийн хяналтад оруулах шаардлага байгааг тэмдэглэсэн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.