Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-ыг хоёрдугаар сарын 24-ний Пүрэв гаригт "Ковид-19: Мэдэх эрх - Сэтгүүлчийн ёс зүй" сэдвийн хүрээнд зохион байгуулсан билээ.
Ингэхдээ цар тахлын амаргүй нөхцөл байдалд хэвлэл мэдээллийн салбарын сорилт, сургамжийн талаар хамтдаа хэлэлцэхийг энэ удаагийн форумаар зорьсон бөгөөд салбарын эвсэл, холбоод, иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлч, редакторууд, судлаачдын төлөөлөл оролцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Цар тахлын үеийн иргэний мэдэх эрх, сэтгүүлчийн ёс зүйн асуудлыг онцлон хэлэлцсэн энэхүү форумын үеэр оролцогчид болон зохион байгуулагчдын зүгээс гарсан санал, зөвлөмжийг танилцуулж байна.
“КОВИД-19: МЭДЭХ ЭРХ - СЭТГҮҮЛЧИЙН ЁС ЗҮЙ” СЭТГҮҮЛ ЗҮЙН ЁС ЗҮЙН ФОРУМААС ГАРСАН ЗӨВЛӨМЖ
- Монгол Улсын Засгийн газар, эрх бүхий байгууллагууд бүх хүнд хүртээмжтэй хэлбэрээр, хоёрдмол утгагүйгээр мэдээллийг тухай бүр өгч байх үүргээ хэрэгжүүлэх, ингэж мэдээлэл өгөөгүй нөхцөлд иргэдийг “худал мэдээлэл тараасан” гэж шийтгэхгүй байх;
- Эрүүл байх эрх нь хүний бусад эрхтэй нягт холбоотой. Мэдээлэлтэй байх эрх нь хуурамч ташаа мэдээлэлтэй тэмцэх, мэдээллийг дур зоргоор хязгаарлахаас урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой болохыг хүлээн зөвшөөрөх;
- Онц байдлын арга хэмжээ, зохицуулалтыг авч хэрэгжүүлэхдээ хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлахаас зайлсхийх, хямралтай холбоотой бүхий л төрлийн мэдээ, мэдээллийг сэтгүүлчдэд нээлттэй байлгах, Засгийн газрын төлөөлөгчид болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд иргэдийг мэдээллээр хангахдаа сэтгүүлчдийн эрхийг зөрчихгүй байх;
- Цар тахлыг далимдуулан бие даасан сурвалжилга, хэлэлцүүлэг, мэдээлэл эрж хайх, шинжлэх явдлыг хааж боохгүй байх, цар тахлыг шалтаг болгон ашиглахгүй байх; Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд тавьсан зүй бус зохисгүй хязгаарлалтуудыг үнэлж яаралтай цуцлах, мэдээллийн чөлөөт урсгалыг тэргүүн зэрэгт дэмжих;
- Бие даасан, нийтийн ашиг сонирхлын төлөөх сэтгүүл зүйг дэмжсэн, иргэний нийгмийн оролцоог хангасан эрх зүйн орчныг бүрдүүлж, нийгмийн бүх хэсэгтэй ажиллах замаар итгэл хүлээсэн, найдвартай, хүртээмжтэй, хөндлөнгийн ба баримт дээр тулгуурласан мэдээлэл бүхий ил тод байдлыг хангах;
- Эрсдэлт болон онцгой нөхцөл байдлын мэдээлэл харилцааны бэлэн байдлыг хангах, ийм нөхцөлд мэдээлэл харилцааг төр-иргэн-хэвлэл мэдээлэл гэсэн гурван талт оролцоотойгоор хэрэгжүүлэх үндэсний хэмжээний багийг бүрдүүлж, чадавхийг бий болгох;
- Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид, хүний эрхийг хамгаалагчдын үйл ажиллагааг зүй бусаар хязгаарлахгүй байхад анхаарч, хууль ёсны үйл ажиллагаа явуулсныхаа төлөө ямар нэгэн байдлаар шийтгэл хүлээхгүй байх эрх зүйн орчин, тогтолцоог бүрдүүлэх;
- Олон нийтийн сүлжээний компаниудад цахим контентуудыг идэвхтэйгээр хянах эсвэл хэт их цагдан хяналтын хэлбэртэй зуучлагчийн үүрэг оноохоос татгалзах.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.