БЗД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт 2020 оны сүүлээр ашиглалтад орох товтойгоор "Sky VIP construction" ХХК-иас орон сууц захиалсан иргэд өнөөдрийг хүртэл байрандаа орж чадаагүй байна. Шалтгаан нь барилгын ажил удаашралтай байгаа аж. Иймд олон сар түрээсийн байр дамжин хохирч буй 368 өрхийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тухайн орон сууцанд орохоор 368 өрх бүтэн төлбөрөө төлж, захиалгаа өгсөн ч өнөөдрийг хүртэл байрандаа орж чадалгүй түрээсийн байр дамжин амьдарч байна. Хугацаандаа ашиглалтад ороогүйгээс 2-4 жилийн хугацаанд хохирсон иргэд дараах тайлбарыг өглөө. Иргэдийн хувьд 40-80 сая төгрөгийг бэлэн төлөлтөөр хийсэн байна.
Байр захиалсан иргэдийн төлөөлөл:
-Захиалагчдийг оруулдаггүй. Худлаа хэлж хуурч мэхэлж байна. Бүтэн хоёр жил иргэдийг хуурч мэхэлсэн. Гол нь тус компани бидний захиалсан барилгыг ашиглалтад оруулаагүй байж Баянбүрд болон Баянзүрх дүүрэгт дахин барилга барих гээд иргэдээс орон сууцны захиалга аваад байна гэв.
Харин тухайн барилгыг барьж буй компанийн зүгээс цар тахлаас шалтгаалан барилгын ажил удааширсан гэлээ. Барилгын гадна хэсгийг бүрэн дуусгасан ч дотор талын засвар болон бусад ажлууд огтхон ч хийгдээгүй байгаа аж. Тодруулбал, одоогоор зөвхөн нэг давхрын обой, паркетин шалыг тавиад байгаа юм байна.
Мөн, захиалагч компанийн зүгээс Цагаан сарын өмнө ашиглалтад орно гэж захиалагчдадаа мэдэгдэж байсан ч өнөөдөр зургаадугаар сард ашиглалтад орно гэв. Харин захиалагчдын зүгээс "Зургаадугаар сард орох ямар ч боломжгүй, биднийг хууран мэхэлж байна" гэж мэдэгдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.