Тайванийн өмнөд хэсэгт орших Синда цахилгаан станцад осол гарсны улмаас тус улсын томоохон хотууд, тэр дундаа нийслэл Тайпейд эрчим хүчний тасалдал үүсжээ.
Энэхүү ослын талаар Эдийн засгийн сайд Ван Мэйхуа мэдэгдэн, ард иргэдээсээ уучлалт гуйсан бөгөөд асуудлыг "яаралтай" шийднэ гэсэн юм. "Taipower" төрийн өмчит компанийн мэдээлснээр, эрчим хүчний нөөц эх үүсвэрийг идэвхжүүлээд байгаа аж.
Синда цахилгаан станц нь Тайванийн эрчим хүчний долооны нэг орчим хувийг хангадаг бөгөөд уг ослын улмаас таван сая өрхийн цахилгаан тасалдсан байна.
Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн өнөөдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпеотой цахим уулзалт хийхээр төлөвлөөд байсан ч түр хугацаагаар цуцлахаас өөр аргагүйд хүрснээ тэмдэглэсэн юм.
Бүс нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, томоохон хотуудын гэрлэн дохионы систем ажиллагаагүй болж, замын хөдөлгөөнд эмх замбараагүй байдал үүссэн бөгөөд замын цагдаа нар яаралтай зохицуулалт хийсэн байна. Түүнчлэн тус улс даяар иргэд цахилгаан шатанд гацсан явдал бүртгэгдэж, онцгой байдлын албаныхан өндөр ачаалалтай ажиллажээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.