Хятадын албаны хүмүүс өнгөрөгч 2 дугаар сарын эхээр Оросын өндөр албан тушаалтнуудыг Бээжингийн олимп дуустал Украинд түрэмгийлэхээ түр азнахыг хүссэн гэж Барууны тагнуулын тайланд дурджээ.
АНУ-ын албаныхан энэхүү тайланг ерөнхийдөө үнэмшилтэй гэж үзэж байгаа ч дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй болохыг тагнуулын албаны нэг эх сурвалж онцолсон байна. Тус тайлангийн талаар анх "Нью Йорк Таймс" сонин мэдээлсэн аж.
Тайланд бичсэнээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Бээжин-2022" олимпын наадмын нээлтийн ёслолд оролцохоор тус хотод айлчилж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэр Хятадын тал уг хүсэлтийг тавьсан ч хоёр улсын тэргүүнүүд энэ талаар шууд хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Тухайн үед Барууны тагнуулын албаныхан Оросыг довтолгоо хийхэд бэлэн гэж дүгнэсэн ч Путин Хятадад сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд Олимпын наадмыг дуустал цэргийн үйл ажиллагаагаа хойшлуулж магадгүй гэж таамаглаж байсан билээ. Путин, Ши Жиньпин нар уулзалтынхаа дараа хамтарсан мэдэгдэл гаргаж, хоёр улсын хамтын ажиллагаанд "хязгаар байхгүй" гэж тэмдэглэн, НАТО-г өргөжүүлэх явдлыг буруушаасан юм. Энэхүү мэдэгдэл нь Хятад-Оросын болзошгүй эвслийг илэрхийлж байгааг шинжээчид хэлж байсан.
Тэгвэл Вашингтон дахь БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгч Лю Пэнгю энэхүү шинэ мэдээллийн талаар "Холбогдох тайланд дурдсан зүйлс нь ямар ч үндэслэлгүй таамаглал бөгөөд Хятадад буруу өгч, гутаан доромжлох зорилготой" хэмээн мэдэгджээ. Харин ОХУ-ын Элчин сайдын яамнаас тайлбар өгөөгүй байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.