Хөгжлийн Банкны асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан дараах тайлбарыг өглөө.
Б.Жавхлан: Хөгжлийн Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа. ТУЗ-ийн гишүүнийг томилох хуулийн процессын ажил хийгдэж байна.
Төрийн албанаас тодорхой хүмүүс орно. Мөн хараат бүс гишүүд томилогдоно.
Энэ бүгдийг хуулийн дагуу олон нийтэд зарласан бөгөөд материалуудыг хуулийн хугацаанд хүлээн авч, сонгон шалгаруулалт хийгээд, АТГ-аас төрийн албан хаагчдад тавигдах тодорхойлолт ирэхээр шинэ ТУЗ томилогдоно. Тухайн үед нь бүрэлдэхүүнийг нь танилцуулна.
Хөгжлийн Банкны нийт чанаргүй багцын гуравны нэгд нь дөхөх хэмжээний төрийн өмчийн үйлдвэрийн газруудын чанаргүй зээлийн асуудал бий. Уг асуудал дээр сайд нар, хариуцсан ажилтнууд идэвхтэй ажиллах чиглэлийг үүрэг болгосон. Төрийн өмчийн үйлдвэрийн газрууд зээл аваад эрсдэлгүй мэт явдаг, үр өгөөжгүй зүйлүүдэд мөнгө зарцуулдаг асуудлыг таслан зогсооно. Тус газруудын авсан чанаргүй зээлийг төлж барагдуулах онцгой үүргийг сайд нарт өгсөн.
Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг зарласнаас хойш 49.8 тэрбум төгрөг төлөгдсөн.
Сүүлийн долоо хоногт эргэн төлөлт зогсоод байна. Тиймээс үүнийг эрчимжүүлэх чиглэлийг Хөгжлийн банканд өгсөн.
Хөгжлийн банкнаас зээл авсан хоёр цементийн үйлдвэр бий. Энэ жил хоёр их наяд төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажил байгаа. Үүнд шалгарсан компаниуд дээрх хоёр цементийн үйлдвэрээс цемент худалдаж аваад тэрийгээ шууд Хөгжлийн банкны өр төлбөрт төсвөөс шилжүүлэх байдлаар чанаргүй зээлийг багасгана.
-Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын материалыг нууцын зэрэглэлд оруулсан гэсэн, гаргасан уу?
-Албан ёсоор нууцаас гаргах хүсэлт, даалгавар ирээгүй байна. Ирсэн тохиолдолд хуулийн дагуу шийднэ. Ер нь бол өнгөрсөн дөрвөн жил Хөгжлийн банкны хуулинд орсон дэвшилттэй зүйл бол Төв банк шалгалт хийдэг болсон явдал. Монголбанк өмнө нь үүнийг шалгадаггүй, Засгийн газар шалгадаг байсан. Үүнээс хойш хяналт шалгалт сайжирсан гэж үзэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.