Украинд үүсээд буй хурцадмал байдлын улмаас Брент төрлийн түүхий нефтийн үнэ өнөөдөр 5.8 хувиар өсөж, нэг баррель нь 111 ам.доллар даван, 2014 оны 7 дугаар сараас хойших хамгийн дээд хэмжээндээ хүрчээ.
АНУ болон холбоотон 30 улс нь дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворжуулахын тулд стратегийн нөөцөөсөө 60 сая баррель газрын тосыг зах зээлд гаргахаар болсноо мэдэгдсэн ч үнэ нь ийнхүү өссөөр байна.
Украины хямрал болон ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний улмаас нийлүүлэлт тасрах вий гэсэн болгоомжлол өргөн тархаад байгаа бөгөөд газрын тосны үнэ цаашид нэмэгдэж, ойрын саруудад 150 ам.долларт хүрч болзошгүйг шинжээчид анхааруулсан юм.
"UBP" компанийн ахлах эдийн засагч Карлос Касанова энэ талаар "Газрын тосны үнэ цаашид өсөх боломжтой гэж бид үзэж байна. Энэ нь улс төрийн хүчин зүйлээс ихээхэн шалтгаалдаг бөгөөд Оросын нийлүүлэлтийн зарим хэсгийг АНУ болон Ираны газрын тосоор нөхөж чадах эсэхээс хамаарна" хэмээн "Ройтерс" агентлагт ярьжээ.
ОПЕК болон газрын тос олборлогч холбоотнууд нь энэ долоо хоногт хуралдаж, ирэх 4 дүгээр сарын олборлолтын талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа бөгөөд тус уулзалтад ОХУ ч мөн оролцох юм.
Эх сурвалж: The Guardian, TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.