Дэлхийн банк Украин улсад дэмжлэг үзүүлэхээр нийт 3 тэрбум ам.долларын тусламжийн багц бэлдэж байгаа гэж Олон Улсын Валютын Сангийн захирал Кристалина Георгиева, Дэлхийн Банк Группийн Ерөнхийлөгч Дэвид Малпасс нар хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.
Тус мэдэгдэлд "Манай байгууллагууд Украиныг санхүүжилт, бодлогын хүрээнд дэмжихийн тулд хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ дэмжлэгийг яаралтай нэмэгдүүлэхийг зорьж байна. Бид тус улсын эрх баригчидтай өдөр бүр холбогдож байгаа. Дэлхийн Банк Групп ирэх саруудад 3 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр бэлдэж байгаа ба энэ долоо хоногт 350 сая ам.долларыг Удирдах зөвлөлөөр батлуулах төлөвтэй байна. Үүний дараа, эрүүл мэнд, боловсролын салбарт 200 сая ам.долларын яаралтай тусламжийг хурдан олгох болно" хэмээн тэмдэглэсэн байна.
Түүнчлэн, Олон Улсын Валютын Сан Украины яаралтай санхүүжилтийн хүсэлтэд хариу өгч байгаа бөгөөд Удирдах зөвлөл нь ирэх долоо хоногийн эхээр үүнийг хэлэлцэж магадгүй юм. Тус байгууллага болон Дэлхийн Банк хамтран Украин дахь нөхцөл байдлыг үнэлэн, шаардлагатай арга хэмжээг авах талаар ярилцаж байгаа аж.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.