Төрийн байгууллагад эрх бүхий албан тушаалд томилогдсон хүмүүс хувьдаа мөнгө завших боломж гарвал л шүүрчих санаа агуулдаг бололтой.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд Нүүр, ам судлалын сургууль (НАСС) гэж бий. 32-ын тойргийн хойдхон талд байрлан үйл ажиллагаа явуулдаг эл сургуулийн багш нар хичээлийн бус цагаар шүд, эрүү, нүүрний үзлэг, эмчилгээ хийж, сургуулийнхаа санхүүд орлого оруулахын зэрэгцээ урамшуулал хүртдэг юм байна. Гэтэл тус сургуулийн эрх бүхий албан тушаалтан нь хувийнхаа дансыг пос машинд холбон үзлэгийн төлбөрийг нь завшиж байжээ. Энэ хэргийн хавтсыг сөхөж болсон явдлыг хүргэе.
НАСС-ийн багш нар оюутан суралцагчдад хичээл орсноос гадна сургуулийн сургалтын эмнэлэгт эмчээр ажиллаад оруулсан орлогоосоо урамшуулал авдаг журамтай аж. Гэтэл тус сургуулийн эмнэлгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Х.Нэргүй уг орлогоос завшиж байсан гэнэ. Ингэхдээ ажлаас чөлөөлөгдсөн, түр чөлөө авсан таван ажилтны нэр дээр илүү цалин бичиж, сургуульдаа 10.5 сая гаруй, багш, эмч, ажилсдад олгох ёстой байсан 44.7 сая шахам төгрөгийг өөрийнхөө болон хамаарал бүхий хүмүүсийнхээ дансанд шилжүүлэн авчээ. Эл хууль бус үйлдлээ хийхдээ тус сургуулийн 2-3 дугаар давхарт байдаг кассанд банкны пос машин суурилуулсан бөгөөд тэдгээр нь НАСС-ийн санхүүтэй холбоогүй, хувийнх нь данстай холбогдсон байсан гэнэ.
Хийсэн ажлынх нь цалин, урамшуулал нэг бус удаа дутуу бодогдож цалингийн данс руу нь орж буйд гайхсан эмч, багш, ажилтнууд санхүүгийн хяналт шалгалтын байгууллагад хандсан байна. Энэ талаар хохирогч А.Мөнхдөл “Манай сургуулийн багш, ажилтнуудын цалинг сургууль хариуцсан нягтлан бодогч боддог байсан. 2018 оны нэгдүгээр сараас эхлэн есдүгээр сар хүртэлх хугацаанд тухайн үед ажиллаж байсан багш, ажилтнууд болон ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдын цалинг цэс дээрээ бүрэн бодож байсан боловч картанд нь шилжүүлэхдээ дутуу оруулан, хувийн хэрэглээндээ зарцуулсан үйлдэл гаргасан. Үүнийг нь багш, ажиллагсад мэдээд гомдол гаргасны дагуу санхүүгийн аудитын шалгалт хийж Х.Нэргүйг гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон” хэмээжээ.
Санхүүгийн албаны нягтлан бодогч нь ийнхүү багш, эмч, ажиллагсдын цалингаас 50 гаруй сая төгрөг завшиж байхад тухайн үеийн НАСС-ийн захирал асан, эдүгээ НЭМГ-ын орлогч даргаар дэвшин томилогдсон Ж.Отгонболд, тэнхимийн эрхлэгч бөгөөд сургуулийн эмнэлгийн захирлын албан тушаал хашиж байсан Б.Оюунцэцэг нар мэдээгүй, нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөсөн гэдэгт итгэх хүн хэд гарах бол. Тус сургуулийн захирал асан Ж.Отгонболд энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Манай сургуулийн эмнэлэгт ажилладаг эмч багш нарын хувьд эмчилгээ оношилгоо явуулдаг бөгөөд үндсэн эмч нар орлогын 40 хувийг цалин болгож авдаг. Харин багш нар орсон орлогын 28 хувийг цалин дээрээ нэмэгдлээр авдаг юм. Нягтлан бодогч Х.Нэргүй нь багш нарын орлогын 28 хувийг багасган тооцон бодож шилжүүлж байсан. Банк руу шилжүүлэг хийдэг хуулгандаа өөрийн данс болон бусад этгээдийн дансыг давхар бичиж багш нарын мөнгөнөөс тодорхой хэмжээгээр авч байсан нь шалгалтаар тогтоогдсон” хэмээжээ.
Ийнхүү пос төхөөрөмж ашиглан 50 гаруй сая төгрөг завшсан хэрэг гарсны дараа сургуулийн эмч, багш, ажилтнууд удирдлагадаа хандан мөнгө завшсан асуудлыг сөхөж байсан гэнэ. Тухайлбал, НАСС-ийн тэнхимийн эрхлэгч бөгөөд сургуулийн эмнэлгийн захирал Б.Оюунцэцэгт хандан “Олон жил тэнхимийн эрхлэгчээр ажиллахдаа энэ байдлыг яагаад зассангүй вэ. Эрх бүхий албан тушаалтнуудын нэг Ж.Отгонболд хувийн дансандаа эмнэлгийн орлогын 50 сая төгрөгийг хийж байхад яагаад дуугүй байсан юм бэ. Пос машин ажиллуулаад 50 сая төгрөг авч байхад эмнэлгийн дарга мэдээгүй байсан гэж үү” хэмээцгээж байжээ.
Энэ хэргийг 2020 оны есдүгээр сарын 4-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалж, хялбаршуулсан журмаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Ингэхдээ Х.Нэргүйг 10 сая төгрөгөөр торгож, уг мөнгийг гурван жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэжээ. Шийтгэх тогтоолд “Шүүгдэгч Х.Нэргүй нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй” хэмээн дурдсан байх юм.
Гэтэл хохирогч багш, эмч, ажилтнууд өнөөдрийг хүртэл хийсэн ажлынхаа урамшуулал, нэмэгдлийг аваагүй гэнэ. Хохирол төлбөрөө төлөөгүй байхад шүүгч Б.Халиун энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь ч хэн нэгэнд давуу байдал олгосон үйлдэл мэт. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-4.5-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, эсэхийг харгалзан үзэж шийдвэрлэхээр заасан байдаг. Харин шүүгдэгч Х.Нэргүй нь Төрийн сангийн дансанд нийт 29 сая гаруй төгрөг л тушааж, үлдсэнийг нь төлж барагдуулаагүй юу, эсвэл өөр хэн нэгэн албан тушаалтны хариуцлагагүй байдлаас болсон уу, хохирогчоор тогтоогдсон багш нарын олонх нь өнөөг хүртэл мөнгөө авч чадаагүй байгаа юм билээ. Ийм байтал хохирогчдын нэг төлөөлөл А.Мөнхдөл “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэнд үндэслээд шүүгч “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Х.Нэргүй бусдад төлөх төлбөргүй” хэмээн дүгнэсэн гэнэ.
Харин А.Мөнхдөл бусад багш нарынх нь хохирлыг барагдуулаагүй байхад яагаад нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлээд, шүүгдэгчид давуу байдал олгосныг холбогдох байгууллагынхан шалгаж үзвэл цаана нь хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил, удирдах албан тушаалтан хэн нэгний дарамт шахалт байсан, эсэх нь тодорхой болох байлтай. Магадгүй хэргийг шалгасан мөрдөгч ч ийм үг хэлүүлэн холбогдогч, яллагдагчид давуу байдал олгосон хууль бус үйлдэл гарсан ч юм бил үү.
Ямар ч байлаа гэсэн НАСС-ийн эмч, багш, ажиллагсад шударгаар хөдөлмөрлөж олсон орлогоо одоо болтол аваагүй байхад шүүх, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Солонго зэрэг хүн хэргийг хялбаршуулж шийдэхдээ ганцхан хохирогчийн мэдүүлэгт үндэслэснээс болж бусад 50 гаруй багш, эмч, ажилчид 100 000-4 700 000 төгрөгийн урамшуулал, нэмэгдэл, цалингаа авч чадахгүйд хүрчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.