Ц.МЯГМАРБАЯР
Дэлхий дахины анхаарлын төвд байгаа ОХУ, Украин хоорондын зөрчил олон улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтэд нөлөөлж эхэлсэн байна. Үүний сацуу крипто зах зээлийн ханшид нөлөөлөөд амжлаа.
Байден криптогийн зохицуулалтад анхаарлаа хандуулаад байна
Зохицуулалтын гол зорилго нь санхүүгийн тогтвортой байдалд криптовалютын үзүүлэх нөлөө, түүнийг шийдэх Засгийн газрын бодлого боловсруулахад оршино хэмээн мэдээлжээ. Уг зохицуулалтад CBDC буюу Төвбанкны дижитал валютуудыг судлахаас гадна мөнгө, төлбөрийн системийн ирээдүйн чиг хандлагын талаар судалгаа хийх ажлууд багтсан талаар “Yahoo Finance” мэдээлсэн байна. Түүнчлэн АНУ-ын засгийн газар дэлхийн хэмжээнд крипто арилжааны зохицуулалтыг стандартчилахын тулд бусад улс оронтой хамтран ажиллахаар төлөвлөсөн талаар “Crypto Slate” эх сурвалжид дурджээ.
Орос, Украины мөргөлдөөн криптовалютын зах зээлийн ханш унахад нөлөөлөв
ОХУ болон Украин улсын зөрчилдөөнөөс үүдэн хөрөнгийн бирж болон крипто хөрөнгийн ханш савлаж эхлэв. Сүүлийн 24 цагийн байдлаар 44.125 ам.доллараас 36.370 руу унасан байна. Энэ ханшийн савлагаа нь зарим хөрөнгө оруулагчид айдас төрүүлж, крипто хөрөнгөд мөнгө байршуулахаас илүүтэй, алт, газрын тос гэсэн нөөцөд хөрөнгө оруулах нөхцөлийг бүрдүүлээд байна. Яг энэ үед эсрэг талд нь крипто салбарын хүчтэй тоглогчид боломжийг ашиглан худалдан авалт ихээр хийж буйг “CBS news” онцолжээ.
Гүрж улс биткойн олборлосноор эрчим хүчний хомсдолд орох уу?
Arcane Research буюу криптовалют судалгааны багийн мэдээлснээр Бүгд Найрамдах Гүрж улс нь бусад оронтой харьцуулахад бага хүн амтай хэдий ч дэлхийн крипто олборлолтын зах зээл дээр VII байрт жагсаж байна. Тус улс нь биткойн олборлолтын байгууламжтай болсон бөгөөд биткойн зарцуулалтын индекс нь 0.18 -0.71 хувь хүртэл өссөн. Цаашдаа ч тогтмол өсөх хандлагатай байна.
Arcane судалгааны багийн судлаач Жаранн Меллеруд “Одоогийн байдлаар Гүрж улс нийт цахилгаан эрчим хүчнийхээ 10 гаруй хувийг биткойн олборлолтод зарцуулж байгаа. Хэрэв энэ байдлаараа үргэлжилбэл цахилгаан эрчим хүчний хомсдолд орох магадлалтай” хэмээн үзэж байна. Харин тус улс биткойн олборлолтын байгууламжаас гарсан дулааныг ашиглах эсвэл усан цахилгаан станцаас гарч байгаа эрчим хүчийг ашиглах боломжтой гэсэн эерэг байр суурьтай байгаагаа илэрхийлснийг “ Coin Telegraph” эх сурвалж мэдээлсэн байна.
Монгол койнуудын эдийн засагт үзүүлэх нөлөө
Цар тахалтай байсан хоёр жилийн хугацаанд ипотекийн болон зарим хэрэглээний зээлийн эргэн төлөх төлбөрийг тодорхой хугацаагаар хойшлуулсан. Иргэдийн цахилгаан, дулааны үнийг төрөөс даасан түүнчлэн тэтгэмж хэлбэрээр бэлэн мөнгө тарааснаас иргэдийн гар дээр их хэмжээгээр төвлөрсөн. Харин хил хаасантай холбоотойгоор мөнгө гадагшаа урсалгүй хөрөнгийн зах зээлд төвлөрсөн гэж үздэг.
Өнгөрсөн оны сүүлч гэхэд зургаан их наяд төгрөг хөрөнгийн зах зээлд төвлөрч Монголын хөрөнгийн бирж хоёр их наяд төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Энэ нь манай нийт эдийн засгийн 20 орчим хувийг эзлэх хэмжээнд очсон гэж үздэг. Тэгэхээр крипто зах зээлд арилжаалагддаг койн болон хувьцаа бонд эдийн засагт эерэг нөлөө үзүүлж буй нь ойлгомжтой. DAC ХХК-аас “Монгол койнуудын ирээдүй ба эдийн засагт үзүүлэх нөлөө сэдэвт уулзалтыг зохион байгуулсан юм. Энэ уулзалтаар зарим зүйлийг хөндөв.
Гар ажиллагаатай биржийг хэрэглэгчид сонгохгүй
Крипто бирж нь албан ёсоор баталгаажсан оролцогчид хоорондын арилжааны бүртгэлийг дундын байгууллагын оролцоогүйгээр хийдэг онцлогтой тул илүү олон тооны, мөн илүү хурдтайгаар арилжаа хийх боломжийг өгч байна. Харамсалтай нь, энэ боломжийг өгч чадаж буй системийн бүрэн шаардлага, өөрчлөлт шинэчлэлтийг цаг тухайд нь хийдэг биржүүд байхад, наад захын стандартыг ч хангахгүй, ардаа гар ажиллагаа бүхий эрсдэлтэй үйл ажиллагаа бүхий биржүүд байсаар байна. Эдгээр биржүүд нь цаг хугацааны явцад койн гаргагч нар сонгохгүй, хэрэглэгчид арилжаа хийхгүй байх, улмаар зохицуулагч байгууллагын шаардлага хангахгүйн улмаас үйл ажиллагаагаа хаах нь цаг хугацааны асуудал болсоор.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 45 (6777)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.