Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский улсаа Европын Холбоонд гишүүнээр элсүүлэх албан ёсны өргөдөлд гарын үсэг зуржээ. Тэрээр Украины Ерөнхий сайд болон Парламентын тэргүүний хамт "Украиныг Европын Холбоонд элсүүлэх хүсэлт гаргасан түүхэн баримт бичигт гарын үсэг зурсан" гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Андрей Сыбиха мэдээлсэн юм.
Зеленский "шинэ тусгай журам"-ын дагуу Украиныг нэн даруй ЕХ-ны гишүүн болгохыг уриалсан бичлэгээ нийтэлснээсээ хойш хэдхэн цагийн дараа ийнхүү албан ёсны хүсэлт гаргасан байна. Тэрээр "Бидний зорилго бол бүх европчуудтай хамт байж, хамгийн гол нь тэдэнтэй эрх тэгш байх явдал юм. Энэ бол шударга зүйл бөгөөд бид үүнийг хүртэх ёстой гэдэгт итгэлтэй байна. Энэ бүхэн боломжтой гэдэгт би итгэлтэй байна" хэмээн тэмдэглэжээ.
Одоогоор Украин нь ЕХ-нд элсэх албан ёсны нэр дэвшигчээр хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа ч 2017 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм.
Тэгвэл Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен энэ талаар "Украин бол бидний нэг. Бид тэднийг Европын Холбоонд оруулахыг хүсэж байна" гэж хэлсэн байна. Гэхдээ энэхүү үйл явц нь нэн даруй байх боломжгүй бөгөөд эхлээд Украины зах зээлийг ЕХ-ны зах зээлд нэгтгэх ёстойг тэрээр онцолжээ.
Эх сурвалж: NPR
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.