Олон Улсын Эрүүгийн Шүүх (ОУЭШ)-ийн прокурор Карим Хан Украинд үйлдэгдэж байж болзошгүй дайны гэмт хэрэг, эсвэл хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгтэй холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа явуулна гэж мэдэгджээ.
Хэдийгээр Украин нь ОУЭШ-ийн гишүүн улс биш ч шүүх эрх мэдэл хэрэгжих бүс гэж үзсэн байна. Крым, Донбасстай холбоотой өнгөрсөн оны урьдчилсан мөрдөн байцаалт болон одоо Украинд өрнөж буй үйл явдлуудын улмаас мөрдөн байцаалтын ажиллагаа нээх үндэслэлтэй гэж Карим Хан хэлсэн юм.
Тэрээр ОУЭШ-ийн шүүгчдээс зөвшөөрөл авч болох ч аливаа гишүүн орон хэрэг нээх хүсэлт гаргавал үйл явц илүү хурдан байхыг онцлоод байсан билээ. Тэгвэл Литва улс өнгөрөгч даваа гарагт ОУЭШ-д хандан, Орос, Беларусь улсуудын Украинд үйлдсэн байж болзошгүй дайны гэмт хэргийг шалгахыг уриалсан байна.
ОХУ-ын цэргийн хүчин Украины хотуудад өргөн хүрээний халдлага үйлдэж, ялангуяа Харьков дахь орон сууцны барилгуудыг онилж байгааг нотлох баримтууд олширч байгаа тул Киевийн Засгийн газар Москвагийн эсрэг хэрэг үүсгэж, ОУЭШ-д хандахаар бэлтгэж байгаа аж. Түүнчлэн тус улсын эрх баригчид ОХУ-ыг худал үндэслэлээр довтолгоо үйлдсэн хэмээн Олон Улсын Шүүхэд гомдол гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.