Монгол Улсад улс төрийн ууган хүчин буюу Монгол Ардын намыг үүсгэн байгуулсны 101 жилийн ой өнөөдөр /2022.03.01/ тохиож байна.
2004 онд УИХ Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 3 дугаар сарын 01-ний өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан юм.
Түүх сөхвөл, ХХ зууны эхэнд монголчууд Манжийн эрхшээлээс гарсан боловч гадаад, дотоодын олон хүчин зүйлээс шалтгаалан тусгаар тогтнолоо алдах нөхцөлд хүрсэн. Тухайн үед Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө тэмцэхээр хэд хэдэн нууц бүлэг байгуулагдсан бөгөөд 1920 оны зургаадугаар сарын 25-нд Консулын болон Хүрээний бүлэг нэгдэж, Монгол ардын Хувьсгалт нам байгуулах шийдэлд хүрсэн.
1921 оны энэ өдөр тус бүлэг нууцаар хуралдан, С.Данзангийн зандан ширээний модоор Ардын засгийн анхны тамгыг сийлж, Монгол Ардын Хувьсгалт намыг албан ёсоор байгуулсан билээ.
Шинэ цагийн түүх сөхвөл, 1921 оноос хойш улс орныг тасралтгүй шахам удирдаж ирсэн тус нам 2010 оны 11 дүгээр сард МАХН нэрнээсээ "Хувьсгалт" гэх үгийг хасч орчин цагийн зүүн төвийн үзэл баримтлалтай нам болохоо баталж Монгол Ардын нам хэмээгдэх болсон. Гэвч намын дотоод хагаралаас үүдэж МАХН-ын хэсэг гишүүд тусдаа нам байгуулан гарсан нь тус намын шинэ цагийн түүхийн толбо юм.
Харин 2016 оны хоёрдугаар сарын 25-нд МАН болон МАХН-ын удирдлагууд “Эх орончдын өдөр”-ийг хамтран тэмдэглэх Санамж бичигт гарын үсэг зурж, угшил нэгтэй улс төрчид гэдгээ баталсан.
2021 оны гуравдугаар сарын нэгэн буюу 100 жилийнхээ ой дээр МАХН-МАН нэгдэж буйгаа зарлаж, нэгэн дээвэр дор үйл ажиллагаа явуулахаа илэрхийлсэн. Тэр ч байтугай "Монгол Ардын Хувьсгалт нам" гэх улс төрийн хүчнийг улсын бүртгэлээс хасаж, дахин энэ нэрийг аль нэгэн улс төрийн хүчинд олгохгүй байх эцсийн шийдвэр гарсан билээ.
Өнөөдөр тус намын 101 жилийн ойн баяр буюу "Эх орончдын өдөр" тохиож байна.
Өнөөдөр 11.00 цагт дээрх хоёр намын удирдлагууд Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.