Украинд үргэлжилж буй Оросын цэргийн хүчний түрэмгийллийн үеэр дэлхийн хамгийн том нисэх онгоц болох алдарт "Антонов Ан-225" сүйрсэн гэж албаны хүмүүс мэдэгджээ.
"Мрия" буюу украинаар "Мөрөөдөл" гэж нэрлэсэн энэхүү асар том онгоц нь Киевийн ойролцоох нисэх онгоцны буудалд байх үеэрээ Оросын довтолгоонд өртсөн аж.
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба энэ талаар "ОХУ манай "Мрия"-г устгасан. Гэхдээ тэд хүчирхэг, эрх чөлөөтэй, ардчилсан Европын улсыг байгуулах бидний мөрөөдлийг хэзээ ч устгаж чадахгүй. Бид ялах болно!" хэмээн олон нийтийн сүлжээндээ бичжээ.
Тус улсын "Укроборонпром" батлан хамгаалахын компани "Антонов Ан-225" сүйрсэн гэх мэдээллийг баталсан бөгөөд онгоцыг сэргээн засварлана гэж мэдэгдсэн юм. Тус мэдэгдэлд "Сэргээн засварлах ажилд 3 тэрбум ам.доллар, таван жил гаруй хугацаа шаардагдана. Бид энэхүү зардлыг Украины агаарын тээврийн салбарт санаатай хохирол учруулсан ОХУ-аас гаргуулах болно" хэмээн онцолжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.