Улсын хилээр өчигдөр 50 тээврийн хэрэгслээр 63 чингэлэг орж ирснийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Тодруулбал, 20 тонны чингэлэг 31, 40 тонны 32 чингэлэг орж иржээ.
Ингэснээр нэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар сарын 24-нийг дуустал хугацаанд 1,798 машинаар 20 тонны 1,081, 40 тонны 1,351 буюу нийт 2,332 чингэлэг ачаа барааг улсын хилээр нэвтрүүлээд байна.
Мөн дээр дурдсан хугацаанд 225 машин орж ирсэн байна.
ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан "Өнөөдрийн байдлаар орж ирээд буй 2,332 чингэлгээс буцааж гаргах, эргэлтэд оруулах нь чухал байна. Одоогоор 653 чингэлэг буцсан. Хятадын талд чингэлгийг ариутгаж хүлээлгэж өгсний дараагаар тэндээ мөн ариутгадаг. Ийнхүү хоёр талдаа ариутгаж, тусгаарласны дараа эргэлтэд орж байна. Ариутгалын төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлсний дараагаар эргэлтэд орох явц нь нэмэгдэнэ гэж харж байгаа.
Өнөөдрийн байдлаар Замын-Үүдийн логистикийн талбайд нийт 807 чингэлэг гаргахад бэлэн, хүлээгдэж байна. Мөн Замын-Үүд дэх чингэлэг тээврийн зохион байгуулалтын үйл ажиллагаа нь ерөнхийдөө хэвшиж байгаа.
Өдөртөө 60-70 чингэлэг солилцож байна. Энэ нь талбайгаараа хязгаарлагдаж байгаа тул өргөсгөхөөр Хятадын талтай санал солилцож, зураг төслөө боловсруулж байна гэсэн юм.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэрлэлт зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан төмөр замын ачаа, тээвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-наас экспортын зарим ачаанд БНХАУ-ын талаас хориг тавьж өдөрт зургаан галт тэрэг хүлээн авч байсан. Өнөөдрийн байдлаар хориг бүрэн цуцлагдаагүй ч нэг хоногт 10 галт тэрэг экспортод гарч байна. Хоёр улсын хэлэлцээрээр 14 галт тэрэг гарах ёстой байдаг . Хоёрдугаар сарын 11-нээс хойш 1200 орчим вагон, 85000 тонн зэсийн баяжмал БНХАУ-д хүлээлгэн өгсөн. “Улаанбаатар төмөр зам” ХНН Цаашид экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын талд санал тавин, цахим уулзалт зохион байгуулж байна” хэмээн хэллээ.
Хурлын төгсгөлд Замын-Үүдээс бусад автозамын боомтын тээврийн талаар мэдээлэл өглөө. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга О.Энхбат “Ханги хилийн боомтоор 50-60 тээврийн хэрэгслээр 100 гаруй чингэлэг нүүрс, Гашуунсухайт автозамын боомтоор 100 орчим тээврийн хэрэгсэл нүүрс, 32 зэсийн баяжмал импортлож байна. Харин Булган боомтоор өдөрт дунджаар 120-150 тээврийн хэрэгсэл нүүрс экспортлодог” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.