Монгол улсын Хөгжлийн банкны удирдлагууд Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Чанаргүй зээлийн талаар мэдээлэл цацагдсанаас хойш 50 гаруй тэрбум төгрөг эргэн төлөгджээ. Мөн, томоохон зээлдэгчид ирэх нэг сарын хугацаанд 60 орчим тэрбум төгрөг эргэн төлөгдөх аман хэлэлцээр хийгджээ.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул:
-Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг нээлттэй зарласнаас хойш 50 гаруй тэрбум төгрөг эргэн төлөгдсөн. Томоохон зээлдэгчдээс аман хэлэлцээрээр ирэх нэг сарын хугацаанд 60 орчим тэрбум төгрөг эргэн төлөгдөхөөр байгаа.
Зарим зээлдэгч уул уурхайн орд газраа ашиглаж зээлээ төлье гэж байгаа. Ингэсэн тохиолдолд бид менежментийг гардан гүйцэтгэнэ. Тэнд хяналт тавина. Өмнө нь, ийм маягаар явсан ч хяналт тавиагүйгээс алдсан зүйл бий.
Худалдаа хөгжлийн банкнаас 27 тэрбумаар 2014 онд оффис худалдаж авсан байдаг. Шүүхээс сая манай эсрэг шийдвэр гарсан, бид давж заалдаж байгаа. Хөгжлийн банканд 4.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж бид үзэж байгаа. Үүнийг төлүүлчихвэл Хөгжлийн банкны оффистой холбоотой жижиг асуудлуудыг нэг тийш нь болгоно.
Хөгжлийн банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар:
-АТГ-ын мэдэгдлийг харвал Хөгжлийн банкны зээл дээр "бүлэглэн үйлдсэн" гэж ярьсан байгаа. Энэ бол хийсвэр зүйл биш. 30 хувийг нь эзэмшдэг компанидаа зээл олгосон хүн байна. Чанаргүй зээл олгосон хүмүүс нь ажлаа хийгээд явж байна. Хэлэлцээрийн мэдээлэл дараа нь задарч байна. Хүн хар араас нь ярьж байгаа. Ажилд саад болбол сайд, дэд сайд нарын нэрийг зарлахаас өөр аргагүй.
Иргэний хэрэг шүүх дээр удаж байгаа асуудал байна. "Эрэл" групптэй холбоотой иргэний хэргийн маргаан шүүх дээр 497 хонож байна.
Хөгжлийн банк одоогоор 2.2 их наядын зээлээ төлүүлж чадахгүй ханшийн эрсдэлд ороод байна. Худалдаа хөгжлийн банкнаас 27 тэрбум төгрөгөөр оффис худалдаж авсан асуудал байгаа. Үүн дээр хоёр хуульч томилогдсон боловч нэг нь шүүх хуралдаанд очоогүйгээр ялагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийнхоо эрх ашгийг хамгаалаагүй. Хөгжлийн банкны Эрсдэлийн асуудал хариуцсан захирал лав намайг ажилд орсноос хойш нэг ч удаа ирсэнгүй. Энэ бүхнийг шийдвэрлэх шаардлагатай.
Хууль хяналтын байгууллагад манай бүх ажилтан гэрчийн мэдүүлэг өгсөн. 20 ажилтны хувьд шалгагдаж байгаа. Хоёр ажилтан дээр нэг дээр нь чөлөөлөх, нөгөө дээр нь сануулах арга хэмжээ ав гэсэн бичиг ирсэн. Үүнийг биелүүлнэ.
Зээлдэгчид ирж уулзаж байгаа. Гурван төрлийн зүйл ярьж байна. Нэгд, зээлээ төгрөг шилжүүлье гэдэг. Зээлээ хэвийн төлж байгаа зээлдэгчдэд бид Монгол банктай ярьж байгаад боломж олгож болно. Хоёрт, хугацаагаа сунгая гэж байгаа. Гуравт, барьцаа хөрөнгөө чөлөөлүүлье гэдэг. Зарим нь, 50 хувь хямдруулаад зарагдахгүй байгаа үл хөдлөх хөрөнгөө ав гэдэг. Өмнө нь аваад, эзэнгүйдээд, үнэгүйдсэн туршлага байгаа учир Хөгжлийн банк авахгүй.
"Кредос" гэж компани байна. Протейн үйлдвэрлэхээр 20 тэрбум төгрөгийн зээл авсан. Сэндвичин байшин, хэдэн тоног төхөөрөмжтэй. Үнэлгээгээр зургаан тэрбумаар барьжээ гэж дүгнэсэн. Бусад мөнгөөрөө үнэт эдлэлийн дэлгүүр нээсэн, машин авч унасан байдаг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.